Сидней-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр ирсэн 262 зорчигчоос хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлажээ .Тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэхдээ, онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээний сорьц цуглуулах ажил өнөөдөр өглөө эхэлсэн бөгөөд маргаашаас шинжилгээний хариуг танилцуулна гэлээ.
Харин өнөөдөр дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй оюутан эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна. Тэд ОХУ-д цэргийн сургуульд суралцаж байсан болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18-25 насны залуус юм.
Ингэснээр манай улсад коронавирусээр халдварласан нийт 194 тохиолдол бүртгэгдсэнээс 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна.
ХӨСҮТ-д өчигдөр 20 хүн, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусний халдвар илрээгүй байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ.