Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу үйлдсэн тус нислэгээр Австрали, Филиппин Улсаас 262 иргэн эх орондоо ирэв. Тодруулбал, бага насны хүүхэдтэй 79 гэр бүл, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагчтай 47, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, эрүүл мэндийн шалтгаантай 26, визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 хүн, Филиппин Улсын Сэбү арлаас мөн 29 иргэн ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудал, “Баянбайгаль”, “Баянхангай” сувилалд тусгаарлана.
Улаанбаатар-Сидней-Улаанбаатар чиглэлийн анхны тусгай нислэгийг “МИАТ” компанийн Ж.Доржнамжил ахлагчтай баг үйлдэж нэг талдаа 10 мянга гаруй км зам туулсан байна.
Гадаад харилцааны яам, “МИАТ” компани Австрали, БНХАУ, Хонконг, Индонези, Филиппин улстай хөөрөлт, буулт үйлдэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг дээрх орнуудад суугаа болон хавсран суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан дипломат шугамаар хэлэлцэж авсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.