О.Чинзориг: Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимжсанаар “Covid 19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч шуурхай ажиллах боломжийг олгож байна

оруулсан Алсын Хараа

-БАГШААС ЭХЛҮҮЛЭЭД ХОТЫН ДАРГА ХҮРТЛЭЭ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ БОЛОЛЦООТОЙ НИЙСЛЭЛИЙН ДОТООД УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМТЭЙ БОЛЖЭЭ-

Дэлхий дахиныг хамарсан “Covid-19” вирусийн цар тахал бидний дадаж сурсан амьдралын хэв маяг, дэлхий даяарх олон сая хүний төлөвлөгөөг гэнэт өөрчлөөд даруй хагас жил болж байна. Улс орнуудад цар тахлын хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, үүнээс үүдсэн хорио цээрийн арга хэмжээ үргэлжилсээр байгаа өнөө үед сөрөг зүйл олон байгаа боловч бас эерэг өөрчлөлтүүд дэлхий дахинд гарсаар байгаа. Манай улсад ч гэсэн цар тахлын нөлөөгөөр эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Төрийн байгууллагуудын албан хаагчид хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж, цаг хугацаа, төсвийн зардлыг хэмнэж чадаж байна. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа.

-Төрийн байгууллагуудын албан хаагчид хоорондоо уулзахгүйгээр ажлаа явуулдаг болсон гэж дууллаа. Энэ их сонин сонсогдож байна л даа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өдөр болгон янз бүрийн уулзалт, хурлууд болж байдаг газар шүү дээ. Ажлаа хэрхэн явуулж байгаагаа сонирхуулна уу?

-Дэлхий нийтэд тархсан “Covid-19” вирусийн цар тахлын үед Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мэдээж энэ цар тахлын үед биечилсэн уулзалтуудаа багасгах, бичиг цаас дамжуулахгүй байх, аль болох хоорондоо уулзахгүйгээр ажиллах шаардлага бий болсон. Таны асуудаг зүйл бол үнэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өдөр бүр шат дараалласан олон хурал болж байдаг.

Яагаад гэвэл, нийслэлд шийдвэрлэх асуудал маш их бий. Нийслэлтэй холбоотой байгууллагууд өдөр бүр ажлын хэсэг байгуулж, хамтарсан уулзалтууд хийж байж шийдвэрүүдийг гаргаж, иргэдийнхээ ажил амьдралыг шийдвэрлэх байнгын харилцан хамааралтай ажилладаг. Тодруулбал, нийслэлд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг төр, захиргааны 1000-аад байгууллага байдаг. Нутгийн захиргааны 33 байгууллага нь нийслэлийн төрийн өмчит байгууллагуудтайгаа нийлээд 100-гаад байгууллага болдог. Дээр нь есөн дүүрэг 152 хороо, үүнтэй холбогдох бусад байгууллага гэхээр нийслэлд 1000 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллагууд бүгд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг.

Энэ төрийн байгууллагууд өнөөдөр дотоод ажлаа бүгд цахимаар явуулдаг боллоо. Ерөнхийд нь Цахим засаглал гэж нэрлээд байгаа юм. Цахим засаглал хэрэгжүүлж, нийслэлийн энэ олон байгууллага дотоод ажлуудаа цахимаар явуулдаг болсноор төрийн албан хаагчид хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж байна гэж болно. Тодруулбал, төрийн байгууллагуудын албан хаагчдын биечилсэн харилцааны 40 хувь байхгүй болсон гэсэн тооцоо гарсан. Цахим шилжилтийг сая гэнэт хийчихсэн юм биш л дээ. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим засаглалыг хөгжүүлэх” тухай тусгагдсан байдаг. Энэ хүрээнд нийслэлд төрийн үйлчилгээний бүх байгууллагууд цахим шилжилт хийгээд гурав дахь жилдээ явж байна гэж ойлгож болно. Дэлхий дахинд тархаад байгаа цар тахлын үед аль болох уулзахгүйгээр цахимаар ажлаа хийх энэ байдлыг илүү нарийн төлөвлөж эрчимжүүлсэн гэж ойлгож болно.

-Цахим системийн талаар тайлбарлаач?

-Нийслэлд 20-иод мянган төрийн албан хаагч, үйлдвэр үйлчилгээний ажилтан байдаг. Нийслэлийн бүх албан хаагч, ажилтан мэдээллээ нэг системээр солилцож чадаж байна. Багшаас эхлүүлээд хотын дарга хүртэл хоорондоо мэдээлэл солилцох бололцоотой Нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем ажиллаж байна. Энэ системээрээ бүх ажлаа явуулчихаж байна гэсэн үг. Ажлын хэсгийн хурал, өргөдөл, гомдлоо шийдвэрлэхдээ цахимаар хуралдаад шийдвэрлэчилж байна. Өмнө нь төрийн байгууллагууд хоорондоо флаш, дискээр мэдээллээ солилцож зөөдөг, ямар нэг цаас бариад бие бие рүүгээ гүйдэг, дээд шатны байгууллагуудтай заавал төсөл хэлбэрээр бичиг цаас дамжуулдаг. Бусад үүрэг даалгаврыг заавал өрөөндөө дуудаж өгдөг, бөөнөөрөө цугларч хурлаа хийдэг, тайлан төлөвлөгөө гаргахдаа биечилсэн байдлаар уулзалтуудыг хийх зэргээр маш их зардал, цаг хугацаа зарцуулж уулзалтуудыг хийдэг байсан. Жишээ нь, бие биедээ албан тоот явуулахдаа цаас аваачиж өгөөд төсөл хэлбэрээр гурав, дөрвөн хүн хуралдаж, шийдвэр гаргаад тэрийгээ цаасан дээр буулгаад дугтуйнд хийгээд шууданчид өгдөг. Шууданч цаасыг аваад холбогдох байгууллагууд руу өгдөг гээд гар дамжих арваад хүний ажил ордог байсан. Одоо энэ бүх ажлыг цахимаар хийдэг болсноор олон шат дамжлага байхгүй болсон. Төслөө хүртэл тоон гарын үсгээр баталгаажуулаад планкан дээр цахимаар буулгаад холбогдох байгууллага руу цахимаар илгээчилж байна.

-Цаас үрэгдэхгүй болчихсон юм биш үү?

-Тийм шүү. Нэг албан тоот хийхэд төрийн байгууллагаас дөрвөн мянган төгрөгийн зардал гардаг байсан байна. Хэвлэх машины хор, цаас, төсөл, бланк, дугтуй, шуудангийн зардал гэх зэрэг нийлээд дунджаар дөрвөн мянган төгрөгийн зардал гардаг байсан. Бид хуучин дээд давхрынхаа байгууллага руу цаас бариад гүйдэг байсан шүү дээ.Одоо мэдээлэл солилцох, бусад тушаал шийдвэр, өргөдөл гомдол, хоорондоо солилцох энэ ажлуудыг цахим хэлбэрээр шийдэж байна. Ингэснээр сүүлийн хоёр жилийн дотор гурван тэрбум төгрөгийн цаасыг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан.

Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын ажиллах хурд гурав дахин нэмэгдсэн. Нэг бичиг цаасны ажилд ажлын хэсэг хуралдаж байна гээд есөн дүүргээс мэргэжилтнүүдийг дууддаг, хүлээгээд ирэхээр нь хуралдаад тараад явахад ойролцоогоор нэг өдөр зарцуулдаг байсан. Одоо цагаа товлоод цахимаар хуралдаж байна. Бас мессенжер дээр ажлын хэсгүүдээ байгуулаад саналуудаа оруулаад ажлаа товлоод явчихаж байна. Өөрөөр хэлбэл, бидний мэдээлэл солилцох арга барил уламжлалт хэлбэрээсээ 70-80 хувь салж, цахим хэлбэр рүү шилжсэн. Мэдээлэл солилцох хурд сайжирснаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хурдтай болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн 20 мянган албан хаагч, цахимаар мэдээллээ солилцож хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж чадаж байна. Цар тахлын үед дотооддоо бэлэн байдлаа шалгаад хангаж чадлаа гэж дүгнэж байна.

-Иргэдэд үйлчилдэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаа шуурхай болж чадсан болов уу?

-Иргэд төрийн дөрөв, таван байгууллагаар лавлагаа тодорхойлолт авах гэж дугаарлаж биечилсэн харилцаан дээр ирж үйлчилгээ авдаг байсан бол үүний нэлээд хэсгийг буюу 20-30 хувийг цахимжуулсан. Жишээ нь, автомашины татварыг цахимаар төлдөг болсон. Жил бүр 600 мянган жолооч нийслэлд зургадугаар сарын 1-н гэхэд бүх автомашиныхаа татварыг төлдөг. Өмнө нь жолооч татварын газар очиж нэхэмжлэл бичүүлж аваад оочерлоод, дараа нь гэрчилгээн дээрээ тамга даруулаад явдаг байсан бол одоо цахимаар smartcar системээр төлдөг болсон. Одоогоор жолооч нарын 50 гаруй хувь нь цахимаар төлж байна.

Өөрөөр хэлбэл, хоёр гурван байгууллагаар очоод биечилсэн харилцаанд орж, мөн хэд хэдэн цаас хоорондоо дамжуулж байж татвараа төлдөг байсан бол одоо байгаа газраасаа цахимаар төрийн үйлчилгээг авч байна. Нийслэлд мөн өргөдөл гомдол санал хүсэлт иргэдээс маш их ирдэг. Өдөрт дунджаар 300 өргөдөл гомдол ирнэ. Өргөдөл гомдол хүлээж авах ажлыг бүрэн цахимжуулсан. Хуучин бол иргэн цаасаар өргөдлөө бичээд арав гаруй хүний гар дамжуулан бичиг цаас өгч байж албан тушаалтан дээр очиж шийдэгддэг байсан. Одоо иргэн цахимаар буюу Eservice.ulaanbaatar.mn, аппликэйшн, мессенжер гээд долоо, найман сувгаар өргөдлөө өгч байна. Иргэн биечилсэн харилцаанд орохгүйгээр гэрээсээ цахимаар өргөдөл гомдлоо өгөөд шийдвэрлүүлж байгаа гэсэн үг.

-Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа шуурхай болж чадсан болов уу?

-Тийм. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэдэг хуультай. Одоо бүрэн цахимжсанаар өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд зарцуулах хугацаа нь нэг оронтой тоо руу орж, наймаас ес хоногт бүрэн шийдэж, иргэнд хариу өгч байгаа. Нийтдээ одоогоор нийслэлийн 50-иад үйлчилгээ цахимжиж, цар тахлын хүрээнд маш хурдтай, хүнд сурталгүй иргэддээ үйлчилж чадаж байгаа гэж үзэж байна.

Цахим хэлбэрт шилжсэнээр иргэдээс ирсэн өргөдөл гомдол хаана явж байна, хэн гэдэг албан тушаалтан дээр удаж байна, яагаад хариу өгөхгүй, асуудлыг шийдвэрлэхгүй байна гэдгийг цахимаар хянах боломжтой. Тайлангийн мэдээнээс харахад газрын алба, нийтийн тээвэр, орон сууц нийтийн аж ахуйн корпораци, ТҮК зэрэг газартай холбоотой өргөдөл гомдол голдуу ирдэг. Цахимжсанаар аль дүүрэг дээр ямар асуудал их гараад байна вэ гэдгийг хянах боломжтой болж, нийслэлийн удирдлагууд танай байгууллага дээр энэ асуудал дээр хэд хэдэн удаа гомдол гарсан байна. Танайх энэ асуудлаа шийдэх хэрэгтэй байна гэдэг үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Жишээлбэл, нийтийн тээврийн тэр чиглэлд автобус бага явж байна, нийтийн тээврийн гомдол яагаад багасахгүй байна гэдэг дээр тухайн албан тушаалтан дээр үүрэг даалгавар чиглэл өгөх, хариуцлага тооцох зэргээр ажил явж байна.

-Төрийн албан хаагч утсаа авахгүй байна гэдэг гомдол их ирдэг болов уу гэж бодож байна. Жишээ нь, энэ тохиолдолд иргэн хэрхэн гомдол гаргах вэ?

-Албан тушаалтны ажлын утас руу залгахад утсаа авахгүй байх тохиолдол байж болно. Гадуур ажилтай байгаад өрөөндөө байгаагүй зэрэг янз бүрийн шалтгаантай байж болно. Хэрвээ утсаа авахгүй бол тухайн албан тушаалтантай мессенжердэх бололцоотой. Мөн 1800-1200 дугаар руу залгаад албан тушаалтантай уулзах гэсэн юм аа гээд уулзалтын цаг товлож болно. Мөн өрөөнийхөө утсыг авахгүй бол гар утсыг нь авч болно. За тэгээд холбогдож чадахгүй бол гомдол бичиж болно. Гомдлыг тухайн албан тушаалтны гар утсанд мессенжерээр явуулдаг. Танд ийм иргэнээс гомдол ирлээ, та систем рүүгээ орж шалгана уу гээд тэр дор нь явуулдаг. Албан тушаалтан тухайн асуудлыг мэдээд шийдвэрлэх ёстой. Хэрвээ албан тушаалтан тухайн иргэний гомдлыг шийдвэрлэхгүй удаах юм бол энэ албан тушаалтан төрийн үйлчилгээг удаан шийдвэрлэдэг, гацаадаг, иргэдийн гомдолд хариу өгдөггүй хэмээн үзээд хяналт тавих бололцоотой.

Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээ цахимжсаны давуу тал их байна. Биечилсэн харилцаа багасч, цаг хугацаа хэмнэж, үйл ажиллагааны зардал буурч байна.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ил тод болсон зэрэг олон давуу тал бий болж байна.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Х.Цэнд "Өдрийн сонин"

Сэтгэгдэл бичих