Энэ сарын 6-нд Австрали улсын Сидней хот руу тусгай нислэг үйлдэж иргэдээ татан авах болсон талаар УОК-ын Шуурхай Штабаас өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, Оюу Толгой ХХК Австрали руу ажилчдаа хүргэхээр МИАТ компанийн онгоцыг түрээсэлж байгаа бөгөөд онгоц буцахдаа Австрали болон Филиппин услаас 250-270 иргэнээ эх оронд нь авчирна.
Энэ нь манай улсын иргэний агаарын тээврийн компанийн Австрали улс руу хийж буй анхны нислэг болж байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тэмдэглэв.
Тэрбээр, “Гадаадаас иргэдээ татан авах үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилж байна. Төлөвлөгөөний дагуу зарим нислэгийн зөвшөөрөл албан ёсоор гарч Австрали улс руу нислэг хийх боломж гарлаа. Өмнө нь тус улс руу манай улсаас иргэний агаарын тээврийн нислэг огт хийж байгаагүй. Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 6-нд нислэг үйлдэнэ.
Сиднейгээс энэ сарын 8-нд ирэх тус нислэгээр 250 гаруй хүн ирнэ. Буцах замдаа онгоцоо Филиппин улсад цэнэглэхдээ тэнд хүнд нөхцөлд байгаа 34 иргэнээ авна.
Австрали улсаас ирэх хүсэлтэй 1200 гаруй хүний өргөдлийг Шуурхай штаб дээр хүлээн авч баталгаажуулж байна” гэв.
Өнөөдрийн байдлаар 45 улсаас манай улсын 11 600 гаруй иргэн нутаг буцах хүсэлт ирүүлээд байна. Үүнээс АНУ, Хойд Америкаас 2000 гаруй, Азийн улс орнуудаас 5500 гаруй, Европын орнуудаас 2600 гаруй иргэн нутаг буцах хүсэлт ирүүлжээ.