Богд ууланд нэмж хоёр согоо нутагшуулав

оруулсан Алсын Хараа

Хустайн байгалийн цогцолборт газраас Богд хаан уулын дархан цаазат газарт 10 халиун бугыг нутагшуулаад байгаа. Тэгвэл саяхан 2 согоог нэмж нутагшууллаа. Ингэснээр Богд уул нийт 100 бугатай болжээ.

Цаашид нэмж 12 бугыг нутагшуулж цус сэлбэхээр ажиллаж байгаа талаар Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэж байна. Тодруулбал, бугын цус сэлбэх ажил амжилттай болвол үр дүнг харгалзан цаашид Улсын тусгай хамгаалалтын бусад газарт, зөвхөн төвийн гэлтгүй баруун, зүүн болон хойд бүсийн нутагт буга сэлгэн нутагшуулах аж. Энэ үүднээс одоо Богд ууланд сэлгэн нутагшсан бугууд дээр мэргэжилтэн судлаачид ажиглалт судалгаа хийж байна.

Богд ууланд бугыг сэлгэн нутагшуулахад 30 гаруй хүнтэй баг ажиллажээ. Манай орны буга согоо нь ойролцоогоор 300-350 кг жинтэй байдаг. Тээвэрлэлтийн үед аюулгүй байдлыг хангаж хамгаалах үүднээс буганд булчин сулруулах болон тайвшруулах эмчилгээг хийдэг байна. Мөн нутагшуулах үед тухайн бүс нутгаас өөр нутагт шилжүүлэхэд янз бүрийн халдварт болон паразит өвчин зөөвөрлөгдөхөөс сэргийлж, эмийн болон эмчилгээний бэлдмэлийг хэрэглэдэг талаар ХААИС-ийн эрдэмтэн багш, мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс тээвэрлэлтийг 24 цагийн дотор багтаан хийдэг аж.

Хустайн байгалийн цогцолборт одоо 1300 орчим буга байна. 50 мянган га нутагт 400 буга бэлчээрлэх боломжтойг судлаачид хэлж байна. Тиймээс тоо толгой нь цөөрсөн бусад газарт бугыг удахгүй нутагшуулж эхлэх нь.

Сэтгэгдэл бичих