"Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэсэн батламжийг Гадаад харилцааны сайд Д.Цогдбаатар өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон холбогдох байгууллагын төлөөлөлд гардуулан өглөө.
"2019 оны 12 сарын 11-нд Бүгд Найрамдах Колумби Улсын нийслэл Богота хотноо болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн "Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэх шийдвэр гаргасан билээ.
Монгол Улс ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцод 2005 онд нэгдэн орсоноос хойш ийнхүү 15 өвийг яаралтай хамгаалах болон төлөөллийн жагсаалтад бүртгүүлж түүнийгээ хадгалан хамгаалах хүндтэй үүргийг хүлээж байна.
Хэдийгээр Covid-19 цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн байгаа ч дээрх батламжийг гардуулах арга хэмжээг хойшлуулах нь тухайн өв, түүний үнэ цэнийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах боломжийг хязгаарлана хэмээн үзэж цаг үеийн нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж байгааг Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар тэмдэглэв.
Тэрбээр "Хөхүүрийн айргийг тал нутгийн нүүдэлчин монголчууд амьдралынхаа явцад гарган авсан, өөрөөр хэлбэл энэ ундаа Монгол соёлоос урган гарсан болохыг олон нийтэд таниулж байна. Дэлхий нийт даяаршиж маш олон жижиг соёлууд тэр ч бүү хэл хэлүүд устан үгүй болж байгаа энэ үед хот суурин газар амьдарч байгаа бид өөрсдөө ч өв соёлоо мартах учиргүй. Биднийг бусдаас ондоошуулж, монгол хүн болгож байгаа зүйл нь зөвхөн хэл, соёл, уламжлал юм. Хоёрдугаарт, энд брендингийн асуудал хөндөгдөнө. Хэрэв айргийг дэлхийн бусад оронд үйлдвэрлэж эхэлбэл зөвхөн Монголд үйлдвэрлэснийг нь жинхэнэ айраг гэж нэрлэх эрхийг үүгээр хамгаалж байна" гэв.
"Айргийн нутгаар" ТББ-ын тэргүүн Ч.Сосорбарам: "Төв Азийн айрагны өв соёл 1000 жилийн түүхтэй. Хүннүчүүд согтоох чанартай гүүний сүүнээс гарган авсан ундаа хэрэглэдэг байсныг Хятадын эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Манай Нууц товчоонд ч тодорхой бичсэн байдаг. Айргийг гүүгээ бариад, унагаа татаад, малын гаралтай саванд хийж гаргаж авдаг уламжлал зөвхөн Монголд үлджээ. Энэ ч утгаараа хөхүүрийн айраг исгэх гэх агуулгаар ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвөөр бүртгэж байна. Дундад Азийн олон оронд айраг исгэж байгаа ч уламжлалт аргаар бус өөр технологиор үйлдвэрлэж байна. Өнөө цагт гүү саадаг айлын эзэгтэй ховордсон, айргийг хөхүүрт бус хуванцар саванд хадгалах нь ихэссэн зэрэг мартагдаж байгаа уламжлал манайд ч бий. Тиймээс уламжлалаа орчин үетэй нийцүүлж авч үлдэх чиглэлээр Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран ажиллаж байна" хэмээв.
montsame.mn