Америкийн занарын нефть олборлогч 17 компани дампуурлаа

оруулсан Алсын Хараа

Коронавирусний цар тахлын улмаас эрэлт буурсантай холбоотойгоор АНУ-ын занарын нефть олборлогч компаниуд ихээхэн хүндрэлтэй тулгараад байгаа бөгөөд энэ жил 17 компани дампуурлаа зарлажээ.

“Financial Times” сонинд мэдээлж буйгаар эдгээр компанийн өрийн нийт хэмжээ 14 тэрбум орчим ам.доллар болсон бол 2020 оны эцэс гэхэд дампуурсан компанийн тоо 73 болж нэмэгдэж магадгүй байна.

Хэдийгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард унасан шиг Америкийн “WTI” (West texas intermediate) маркийн нефтийн үнэ хасах үзүүлэлт рүү орохгүй байгаа боловч нэг торх нефтийн үнэ нэгдүгээр сарын түвшнээс хоёр дахин бага байгаа бөгөөд хэрэв энэ түвшинд хэвээр байвал ирэх жил дахин 170 компани дампуурч болзошгүй байна.

Шинэ коронавирусний цар тахлын улмаас эрэлт буурсантай холбогдуулан занарын нефть олборлогч АНУ-ын 15 том компани шинэ орд ашиглах төсвөө дунджаар 48 хувиар бууруулсан гэж “The Wall Street Journal” сонин өмнө нь мэдээлж байв. Америкийн занарын нефтийн компаниуд үйлдвэрлэлийнхээ өмнөх түвшинд хүрэхийн тулд хэдэн жил шаардагдана гэж шинжээчид үзэж байгаа ажээ.

/Financial Times/

Сэтгэгдэл бичих