"СОVID-19"-өөр өвдсөн дөрвөн оюутан эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 141 тохиолдлоос 37 хүн эдгэрч байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн /2020.05.26/ хэвлэлийн хурлын үеэр онцлов. Тэд Москвад суралцдаг оюутнууд бөгөөд 42-43 хоног эмчлүүлжээ.
Манай улсад "COVID19" -ийн нийт 141 тохиолдол бүртгэгдсэнээс 37 хүн эдгэрч, 104 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал 95 нь хөнгөн, 9 хүн хүндэвтэр байгаа аж.
ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 193 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18, Алтанбулаг боомтоор энэ сарын 14-нд ирж ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүнд хийсэн давтан шинжилгээ багтаж байна. Мөн Дорноговь аймгаас илрүүлсэн 17 тээврийн жолооч болон тандалтын зорилгоор цуглуулсан 10 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй аж. Дархан-Уул аймагт 19 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт тусгаарлагдсан 103 хүнд давтан шинжилгээ хийхэд халдваргүй гарчээ.