Завханы Улиастай хотод Б.Явуухулангийн дүрийг стрийт арт бүтээлээр урлалаа

оруулсан Алсын Хараа

Завханы төв Улиастай сумын төвд дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөргийг гудамжны урлагийн төрлөөр зуржээ.

Тус бүтээлийг Б.Явуухулангийн нэрэмжит гудамжны орон сууцны ханан дээр зурж “Mongo Hustle” багийн граффитч, уран бүтээлч Jaggie, Begie, Dasher, Dj AnuDol  болон Завхан аймгаас төрөн гарсан реппер Desant, Wolfizm нар хамтран бүтээжээ. Тус бүтээлийг “Арт нүүдэл” төслөөс санаачлан ажил хэрэг болгосон байна.

Анх 2016 оноос хэрэгжүүлсэн төслийн хүрээнд орон нутагт граффит арт төрлийг сурталчлах, соёл урлагийн боловсролыг хүүхэд залуучуудад олгохыг зорьжээ.  Төслийг санаачлан хэрэгжүүлэгчид өмнө нь Говь-Алтай аймагт ХХ зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэвийн хөргийг зурсан ажээ. Энэ удаа Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөргийг дөрвөн давхар байшингийн ханан дээр зурлаа. Энэ бүтээл нь Монголд хамгийн том хэмжээтэй стрийт арт болох байх. Бид уг бүтээлээрээ дамжуулан “Монголчуудад дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэдэг утга санааг илэрхийлэхийг хүссэн юм” хэмээн төслийн уран бүтээлчид хэллээ.

Ташрамд Манай улсад “Стрийт арт” буюу гудамжны урлаг жил ирэх тусам хөгжиж, түүнийг дэлгэрүүлж буй чөлөөт уран бүтээлчид цөөнгүй. Түүний нэг болох граффитч зураач Д.Дашхүүтэй цөөн хором ярилцав.

-Сайн байна уу? Граффит зураг гэж чухам юуг хэлдэг юм бэ?

-Граффит зураг үсгийг татлан бичих, сийлбэрлэх, будах гэх мэт төрөл бүрийн аргаар ханан дээр бичиж, зурахыг хэлнэ. Миний хувьд өөрийн бодож санаж байгаа зүйлээ юунд ч баригдахгүйгээр өөрийнхөөрөө дүрсэлж, ханан дээр буулгахыг хэлдэг. Одоо бол стрийт артистууд маркер болон шүршдэг будгийг хамгийн түгээмэл ашиглаж байна.

-Таны хувьд энэ урлагтай хэрхэн холбогдов?

-Ер нь сонирхлоороо л зурж эхэлсэн.

-Та граффит зургаар дамжуулан бусдад юу ойлгуулахыг хүсдэг вэ?

-Граффит анх үүсэхдээ нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг зургаар илэрхийлдэг байсан бол одоо энэ урлаг илүү чөлөөт хэлбэр рүү шилжсэн. Миний хувьд граффит зургаар илэрхийлэх санаа, юу зурахыг хүсэж байгаагаа, өөрийн зурах чадварыг нэмэгдүүлэхийн тулд ур чадвар ихээр шаардсан зураг зурахыг эрмэлздэг. Аль болох ур чадвар шаардсан бүтээл хийхийг эрмэлздэг. Тухайн хот, аймагт өнгө нэмсэн барилга, бүтээн байгуулалтын ханан дээр зөвшөөрөлгүй зурдаггүй. Тухайлбал бид Завхан аймгийн төв гудамжны хамгийн эхний орон сууцны ханан дээр Завханчуудын, цаашлаад Монголчуудын бахархал болсон сод хүний зургийг зурлаа. Хүмүүс маш их ам сайтай байсан. Энэ зургийг харах гэж, үзэх гэж маш олон хүн энэ нутгийг зорих байх. Ер нь бол Монголынхоо сод хүмүүсийн дүрийг зурна гэдэг маш их бахархал, бас хичээл зүтгэл шаардсан ажил юм.

Мөн бид Улиастай хотын төв гудамжны өнгө үзэмжээ алдаж, муухай болсон хананууд дээр өөрсдийн бүтээлээ буулгасан. Хүүхэд залуучуудад маш их таалагдсан. Ер нь зурсан зураг маань нийгэмд эерэг уур амьсгал төрүүлж, хүмүүст граффит урлагийн хөгжлийг таниулж, өнгө үзэмж сайтай, гоё зураг харуулж байгаа маань баярлууштай санагддаг.

-Та зургаа зурж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?

-Зураг зурж байх үед хүн бүр ам сайтай байдаг. Ялангуяа Улиастай хотод зураг зурж байхад хүүхэд залуучууд маш их сонирхож ирж үзэж байлаа. Түүнчлэн иргэд ам сайтай байсан. Ялангуяа Б.Явуухулангийн ойрын төрөл хамаатнууд нь ирж баярласнаа илэрхийлж байлаа. Тиймээс эргэн тойрон, орчиндоо эерэг уур амьсгалыг урлагаар, зургаар дамжуулан өгч байдаг болохоор маш сайхан мэдрэмжийг авдаг шүү.

-Ханан дээрх зураг хэр удаан тогтоцтой байх бол?

-Будаг болон хананаас хамаараад тогтоц нь өөр өөр. Муу ханан дээр хэчнээн roe зураг зураад ч нэмэргүй байдаг. Тийм болохоор ямар будгаар, ямар ханан дээр зурж байна вэ гэдэг чухал. Ханан дээр зураг зурах зориулалтын будаг бий. Олон улсын стандартад нийцсэн будаг манай улсад хэдийнэ орж ирсэн. Өмнө нь зориулалтын будаг байдаггүй, гаднаас захиж авчирдаг байсан. Одоо бол өнгө, чанар сайн будаг дотоодоосоо авч байна.

-Манай улсад энэ төрлийн бүтээл хийхэд ямар нэг хүндрэл тулгардаг уу?

-Нэг их хүндрэл тулгардаггүй. Учир нь чөлөөт урлаг гэдэг утгаараа аливаа юманд баригдах тохиолдол гардаггүй. Нөгөөтэйгүүр, өнгө үзэмжээ алдсан барилга, гудамжийг чимэглэж, үзэмж нэмж байгаа учир хүмүүс ч дуртай байдаг. Гэвч ямар нэг байгууллагын ханан дээр зөвшөөрөлгүй зурж болдоггүй. Тухайн байгууллага зураг зуруулмаар байна гэсэн хүсэлт мөн зөвшөөрөл өгөх юм бол зураг зурж болно.

-Том зураг нь өөр төрөлд хамаардаг уу. Ер нь стрийт арт буюу гудамжны урлаг дотроо хэдэн төрөл байдаг юм бэ?

-Граффит дотор Tag, Hollow, Throw up, Straight letter, Piece roller sticker, Stomper Blockbuster, Character гэх мэт төрөл багтана. Граффит урлаг 1990 оноос орж ирсэн. Граффит зураг анх үүсэхдээ нийгэмд болж, бүтэхгүй байгаа зүйлсийг ханан дээр зурж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан. Харин одоо энэ төрлийн зураач, стрийт артистууд нийгэмд эерэг нөлөө үзүүлэх бүтээл зурах, өөрсдийн сонирхлоороо чөлөөт бүтээл хийж байна. Ер нь сүүлийн жилүүдэд стрийт арт буюу гудамжны урлаг манай улсад өндөр хэмжээнд хөгжиж байна. Граффитийг хип хоп урлагийн үндсэн элементийн нэг гэж үздэг. Энэ ч утгаараа энэхүү урлаг одоогийн хүүхэд залуучуудын хувцас, загварын чиг хандлагад ч багагүй нөлөө үзүүлж байгаа юм.

Завхан/МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих