Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс 159 оюутан /дийлэнх нь 1 дүгээр дамжаанд сурдаг эмэгтэй/, өндөр настан 4, эрүүл мэндийн шалтгаантай 4, жирэмсэн 1, бага насны хүүхэдтэй 3 хүн байгаа аж.
Иргэдийг ХӨСҮТ, “Альфа”, “Дрийм” “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм.
Үүнээс гадна ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг энэ сарын 26, 27-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлээд байна. Иймд эдгээр өдөр нутаг буцах иргэд дараах шаардлагыг хангахыг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.
Үүнд:
- Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний билетний төлбөр 27000 төгрөгийг УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хаан банк 5003521139 дансанд тушаах,
• Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 5 хүртэлх насны хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу. - Тусгаарлах байрны төлбөр болон галт тэрэгний билетний төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэх боломжгүйг анхаарах.
- Тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал 10000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.