Коронавирусний цар тахал дэгдээд байгаа хэдий ч дэлхийн хамгийн чинээлэг 25 эрхмийн нийт хөрөнгө сүүлийн хоёр сарын хугацаанд 255 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Санхүүгийн хувьд “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг хамгийн өндөр амжилттай байжээ. Түүний хөрөнгө 31 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 86.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. “Forbes” компаниас гаргасан дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад М.Цукерберг 4 дүгээр байр руу дээшилжээ. Өнгөрсөн 4 дүгээр сард тэрбээр жагсаалтын 7 дугаарт бичигдэж байжээ.
Компанийх нь хувьцааны үнэ өссөнөөр “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос сүүлийн хоёр сарын хугацаанд 29.9 тэрбум ам.долларыг олжээ. Түүний нийт хөрөнгө 146.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн бөгөөд тэрбээр дэлхийн хамгийн баян эрхэм хэвээр байна.
“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн хөрөнгө 11.9 тэрбум ам.доллароор өсөж, 106.5 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнчлэн Францын “LVMH” компанийн Ерөнхий захирал Бернар Арногийн хөрөнгө 94.1 тэрбум ам.доллар, “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Уоррен Баффетын хөрөнгө тус бүр 69.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.
НЬЮ-ЙОРК. /Forbes/