"СОVID-19"-өөр өвдсөн хоёр оюутан эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 141 тохиолдлоос 32 хүн эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн /2020.05.24/ хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Тэд Москвагийн сургуульд суралдцдаг бөгөөд 35-40 хоног эмчлүүлээд гарсан байна. Одоогийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын батлагдсан 141 тохиолдлоос 32 нь эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна. Тэдний 84 нь хөнгөн, 25 нь хүндэвтэр байгаа аж.
Энэ сарын 23-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 31, нийт 66 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээ багтаж байна. Мөн тандалтын зорилоор нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдээс цуглуулсан таван сорьцод коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт хийсэн ачаа тээврийн 30 жолооч, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж буй нэг хүний давтан шинжилгээний хариу нь халдваргүй гарчээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар "СОVID-193” халдвар дэлхийн 216 орон, нутагт дэвсгэрт бүртгэгдэж 5 сая гаруй хүн өвчлөөд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 1 900 гаруй хүн нас баржээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 9434 хүн шинээр халдварласан байна.
Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдсөн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж буй юм. Одоогоор ажиглалтад 1391 хүн байна. Тэдэнд 42 их эмч, 36 резидэнт эмч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д өчигдөр орой шилжсэн хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Мөн тэрбээр орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд УБТЗ-ын эмнэлгийн 16 их эмч ажиллаж, 4656 хүнд тандалт, асуумж судалгаа хийхэд одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй гэдгийг дурдав.