Он дамнан баригдаж буй цэцэрлэгийн барилгыг есдүгээр сарын 01-нээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.05.22/ Налайх дүүрэгт ажиллалаа.

Налайх дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарсан гэрээг 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар заасан юм. Гэвч барилгын ажил ямар нэгэн шалтгаангүй удааширсаар өнөөдөр 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Хотын Захирагч С.Амарсайханы зүгээс энд удаа дараа ирж ажиллан цэцэрлэгийн барилгын ажлыг түргэвчлэх шаардлагыг гүйцэтгэгч компанийн хариуцсан албан тушаалтнуудад тавьж байсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч компани маш хариуцлагагүй ажиллаж байгаагийн улмаас он дамнан уг цэцэрлэг баригдсаар байна.

Хотын Захирагч тус цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгаж, гүйцэтгэл туйлын хангалтгүй, чанар стандартын дүрэм журам зөрчигдсөн нь илт байна гэдгийг тус компанийн барилгын инженер Т.Мэндбаярт хэллээ. Түүнчлэн барилгын ажилд хяналт тавин ажиллаж буй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон тус дүүргийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүст хандан барилгын ажилд өдөр бүр тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн долоодугаар сарын 1 гэхэд цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгасан байхыг онцгойлон анхааруулж, тогтсон хугацаанд чанар стандартын шаардлага хангасан хийж гүйцэтгээгүй байвал хариуцлага тооцож ажиллана гэдгийг холбогдох албаныханд хатуу санууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өөрийн хариуцсан ажил хүүхдийн ирээдүйд ийм цэвдэг сэтгэлээр бүү ханд. Ийм хандлага хаа сайгүй байгаа учраас бид нийгмээрээ өөдлөхгүй байна. Энэ орчмын олон хүүхэд холоос цэцэрлэгтээ явдаг. Та нар хүний юм гэсэн байдлаар энэ ажилд хандаж байгаа учраас ажил урагшлахгүй байна. Өөрийнхөө хүүхдийг энэ цэцэрлэгт явах юм шиг санаж ажлаа хий, сэтгэл гаргаж ажилла” хэмээв.

Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км замыг зургаадугаар сарын 10-нд хүлээлгэж өгнө

Дараа нь Хотын Захирагч Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цэвэрлэх байгууламж байгуулах асуудлаар Азийн хөгжлийн банкны хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд болон бусад холбогдох албаны хүмүүстэй санал солилцсон юм.

Мөн тус паркийн чиглэлд баригдаж буй хүнд даацийн автомашин зорчих авто замын ажлын гүйцэтгэлийг шалгав. Өмнө нь Хотын Захирагч С.Амарсайхан энд ирж ажиллахдаа чанарын шаардлага хангахгүй брожур тавьсан байсныг сольж, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хийхийг үүрэг болгосны дагуу гүйцэтгэгч компани брожурыг эхнээс нь бүгдийн сольж шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хийж гүйцэтгэж байсан юм.

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд 2018 онд ажлаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд хийгдэж байна.

Уг зам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай, үйлдвэрлэл аж ахуйн газар болон бусад гудамж замын зэрэглэлтэй, хүнд даацийн автомашин зорчих цемент бетон авто зам юм. Авто замыг зургаадугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих