"СОVID-19"-өөр өвдсөн хоёр оюутан эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтанд шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 141 тохиолдлоос 30 хүн эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Тэдний нэг нь 37, нөгөө нь 39 хоногийн дараа эдгэрчээ.
Одоогийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусний халдвартай 111 хүн эмчлүүлж байгаагаас 86 нь хөнгөн, 25 нь хүндэвтэр байгаа аж. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусний халдвар илрээгүй байна. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор Улсын Нэг болон Гуравдугаар төв эмнэлэг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 17 сорьц багтжээ. Мөн Энхийг сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Түүнчлэн Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр, нийт 44 хүнд шинжилгээ хийхэд халдваргүй гарчээ.
Одоогоор ажиглалтад 1 394 хүн байна. Тэдэнд 41 их эмч, 36 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Орон нутгийн 13 чиглэлийн галт тэргэнд УБТЗ-ын 11 их эмч ажиллаж тандалт судалгаа, үзлэг хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Мөн тэрбээр шуурхай 119 утсанд гадаадаас 11 иргэн коронавирусний халдварын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан гэдгийг хэлсэн юм.