"Коронавирусний цар тахал дэгдэж, эдийн засагт сөргөөр нөлөөлсөн хэдий ч урт хугацааны төлөвлөлтийн дагуу БНХАУ энэ жил ядуурлыг бүрмөсөн арилгахаар төлөвлөж байна" гэж тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы нээлтэд илтгэл тавихдаа мэдэгдэв.
“Бид ядууралтай хийж буй тэмцэлд ялах болно” гэж Ли Көцян мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Хятадын эрх баригчид энэ жил ядуурлын түвшнийг бууруулах, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, хамгийн чухал бараа бүтээгдэхүүнээр хангах, хөдөөгийн хүн амын амьдралын түвшин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлжээ.
Хэдийгээр цар тахал дэгдэж, Хятадын эдийн засаг ихээхэн хохирол амсаж, томоохон сорилт бэрхшээлтэй тулгарсан боловч тус улсын удирдлага ядуурлыг арилгах зорилгоосоо ухарсангүй. Оны эцэс гэхэд БНХАУ хамгийн их асуудалтай тулгараад буй мянга гаруй тосгоныг ядуурлаас ангижруулах шаардлагатай болж байна. Ингэснээр тус улс чинээлэг нийгмийг байгуулж, ядуурлыг арилгасан дэлхийн анхны улс болох ёстой юм.
Хятад улс хөдөлмөр эрхлэлтийн түвшинг тогтворжуулж, ард түмний сайн сайхан байдлыг хангах зорилтыг эн тэргүүнд тавиад байгаа бөгөөд энэ онд хот, тосгодод 9 сая гаруй ажлын байр шинээр бий болгохыг зорьж байна хэмээн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 13 дахь удаагийн сонгуулийн гуравдугаар чуулганы хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан Засгийн газрын үйл ажиллагааны тайланд дурджээ.
“Хотын ажилгүйдлийн түвшинг 5.5 хувьд нь хадгалан авч үлдэх бөгөөд 9 сая гаруй ажлын байрыг шинээр бий болгоно” гэж тайланд дурдсан байна. БНХАУ-д 2019 онд ажилгүйдлийн түвшин 3.62 хувьд хүрч байсан нь эрх баригчдын ажилгүйдлийн түвшин 4.5 хувьд хүрнэ гэж таамаглаж байснаас доогуур үзүүлэлт болсон байна.
БЭЭЖИН. /Синьхуа/