Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ /2020.05.21/ хийв.
ЭМЯ-НЫ ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:
Дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт шинэ коронавирус бүртгэгдэж, 5 сая гаруй хүн халдварлаж, өвчилсөн байна. Үүнээс 2 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Дэлхийн хэмжээнд дөрвөн оронд цар тахлын тархалт өндөр байна. Түүний нэг нь Монгол Улстай хөрш ОХУ. Тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор л гэхэд 8764 хүн шинээр халдвар авсан байна. Монголтой хил залгадаг Буриадад 42, Читад 20 шинэ тохиолдол нэмэгджээ.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 1962 хүн ажиглалтанд байна. Чихрийн шижин, даралттай 280 гаруй хүнд 40 эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна гэлээ.
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
2020 оны тавдугаар сарын 20-нд нийт 109 хүнд шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 6, Дорноговь аймгийн Ханги боомтоор нэвтэрсэн 57 жолооч, түүврийн аргаар авсан 17 иргэний шинжилгээ сөрөг гарсан. Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочоос шинжилгээ авахад шинэ коронавирус илрээгүй.
Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусийн 140 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, 26 хүн эмчлэгдэж, 114 хүн эмчилгээнд байна. Тэдний 88 нь хөнгөн, 26 хүн хүндэвтэр байна гэв.