Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр /2020.05.20/ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа COVID-19 халдварын тандалт судалгааны талаар мэдээллээ.
Тэрбээр “Бид нэгдүгээр сарын 6-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 5,000 орчим хүнд COVID-19 илрүүлэх хяналт, тандалт, шинжилгээ хийжээ. Үүнээс 283 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласнаас 80 гаруй хувь нь амьсгалын замын бусад халдварын шинж тэмдэгтэй байсан бөгөөд бүгдэд нь коронавирус илрээгүй. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 140 тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээр тохиолдол бүхий хүмүүс эх орондоо ирснээс хойш 2-14 хоногийн дараа 1-5 удаагийн шинжилгээ хийсний эцэст илрүүлсэн. Манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь 11 улс, орноос зөөвөрлөгдөн орж иржээ. Тохиолдлуудын 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй байна. ОХУ-ын Батлан хамгаалах сургуульд суралцдаг манай оюутнууд халдварт өртсөн учраас эрэгтэй хүйс нь давамгайлж байгаа гэдгийг энд дурдах нь зүйтэй. Одоогоор батлагдсан тохиолдлын 26 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д 114 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна. Эдгэрч гарсан хүмүүсээс 13 нь "Энх саран" сувилалд байгаа бол гэрийн ажиглалтад 3 хүн байгаа. Харин 10 хүн нь ажиглалтаас гарсан. Тэдний бүх шинжилгээний хариу хэвийн гарсан учраас нийгмийн амьдралдаа эргэн орсон" гэлээ. "COVID-19 халдвар илрүүлэх 13 мянга орчим шинжилгээ хийсэн. Сүүлийн 7 хоногт 42 байсан тохиолдол нэмэгдэж, 140-д хүрсэн. Учир нь өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын 15 хотын 24 их, дээд сургуулийн оюутнууд ирсэн. Үүнээс долоон хотын 15 их, дээд сургуулийн оюутнуудаас халдвар илэрсэн. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 400 орчим хүнээс 37-д нь халдвар илэрсэн. Одоогоор тэд бүгд эмчилгээндээ орсон бөгөөд ойрын хавьтлуудаас нь халдвар илрээгүй байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд бид нийт 13 мянга орчим шинжилгээ хийжээ. Зарим шөнө 40-50 сорьцод шинжилгээ хийж байгаа бол зарим шөнө 400 орчим шинжилгээг лабораториуд зэрэг хийж байна. Мөн тандалтын зорилгоор долоо хоног бүр цуглуулсан шинжилгээний хариуг танилцуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт нийт 60 гаруй сорьцыг шинжлэхэд COVID-19 халдвар илрээгүй" гэдгийг нэмж хэлэв.
ВИДЕО: