Банкны ажилтнуудыг чадавхжуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, ХБНГУ-ын Остпригнитц-Руппины Шпаркассэ банк хамтран “Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд нийт 7 модуль бүхий сургалтад арилжааны 11 банкны нийт 155 оролцогч, сургагч багш бэлтгэх хөтөлбөрт нийт 94 багш амжилттай хамрагдлаа. Энэ жилийн сургалтын хувьд “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан, танхимд дээд тал нь 10 хүртэлх суралцагчийг байлцуулах, шаардлагатай тохиолдолд онлайнаар зохион байгуулж буйгаараа онцлог болж байна.
Сургалтын нээлт өнөөдөр /2020.05.19/ Монголын банкны холбооны байранд болж, Монголбанк, ХБНГУ-ын “Шпаркассэ банкны сан”, Монголын банкны холбооны төлөөлөл, удирдлагууд оролцлоо.
Арилжааны банкны иргэдтэй шууд харилцдаг ажилтнууд олон улсын түвшний онол, практик хосолсон сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой, энгийнээр хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалснаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад ач холбогдолтой юм.