ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 87 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй. Харин дөрвөн хүн коронавирусний халдвартай гарчээ.
Ингэснээр манай улсад "COVID-19"-ийн халдвартай нь батлагдсан хүний тоо 140 болж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр халдвартай дөрвөн иргэний нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан хоёр иргэн юм. Орон нутгаас илэрсэн тохиолдлыг ХӨСҮТ-д авчрахаар болжээ.
ХӨСҮТ-ээс өнөөдөр гурван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжиж байна. Тэдний хоёр нь 19, 20 настай оюутан, нэг иргэн 53 настай бөгөөд тэд 34-45 хоног эмчлүүлжээ.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар, "COVID19" халдвараар 116 хүн эмчлүүлж байна.