Өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт Удирдлагын академийн Нутгийн удирдлагын сургалт, судалгаа, мэдээллийн төвд болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хурлын танхимд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Хэлэлцүүлгээр уг төсөлд Орон нутгийн эрхлэх асуудал, чиг үүрэг, Засгийн газраас гаргаж буй санал, судлаачдын санал зэрэг асуудлаар танилцуулга хийх юм.
Энэхүү төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хэлэхдээ “2017 оноос хойш нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар ярьж эхлэн, 2018 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны төслийг бэлтгэсэн. Шинэчилсэн найруулгын төсөл бэлтгэхтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлгүүлсэн” гэлээ.
Хуулийн төслийг бэлтгэх явцад шинэ эрх зүйн орчин бий болсон буюу 2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт Үндсэн хуульд орсон учир түүнд нийцүүлж нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох, ялангуяа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлах шаардлага үүссэн билээ.
Шинэчилсэн найруулгын төсөлд Иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг тусгайлан зохицуулахын сацуугаар бусад хэлбэр (иргэдийн санаачлах эрх, орон нутгийн санал асуулга зэрэг)-ийг хуульчилж, Иргэдийн Хурлын төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дэлгэрүүлэн, төлөөлөгч ба сонгогч иргэний хооронд “амьд харилцаа” байх нөхцөлийг бүрдүүлэх заалтуудыг оруулсан. Нөгөө талаас үүргээ биелүүлэхгүй байгаа төлөөлөгчид хүлээлгэх хариуцлагыг шат дараатайгаар авахаар нарийвчлан зохицуулсан.
Иргэдийн Хурал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чиг үүргээ биелүүлэхгүй байх, иргэд олон түмний итгэлийг хөсөрдүүлэх, улстөржих явдал гаргуулахгүй байх зорилгоор төв засгийн хяналтыг тодруулж Хурлыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал оруулснаар Засгийн газар тараах шийдвэр гаргах эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Нэгдмэл улсын хувьд төв Засгийн газраас нутгийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтын зэрэгцээ нутгийн өөрийн удирдлагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.
Төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойр нэгжээр дамжуулан хүргэх зарчмын хүрээнд орон нутгийн эрхлэх асуудлыг шинээр тодорхойлж, шат шатны нэгжийн чиг үүргийг давхардалгүй хуваарилахад анхаарсан байна. Тухайлбал сум нь иргэдэд үзүүлэх засаг захиргааны болон нийгмийн үйлчилгээг зохион байгуулахсуурь нэгж байх бол аймаг нь сум хоорондын үйл ажиллагааг зохицуулах, сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөх, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналтыг хэрэгжүүлэх, төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах чиг үүрэгтэй байхаар тусгагджээ.
Орон нутгийн чиг үүргийг өргөжүүлж, тодорхой зааж өгсөн тул тэдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлага үүсч байгаа юм. Үүнд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэхийн тулд орон нутгийн орлогыг дараах байдлаар нэмэгдүүлнэ.
Үүнд:
· Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг шилжүүлснээр сумын төсөвт нийт татварын орлогын 60 гаруй хувийг үлдээх.
· Татварын ерөнхий хуулиар шинээр бий болгосон малын тоо толгойн албан татварыг сумын төсвийн орлогод хамааруулж хуульчлах.
· Орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын 40 хувийг аймгийн төсөвт үлдээх.
Ингэснээр орон нутгийн татварын идэвх, санаачлага дээшилж, сумын татварын орлого нэмэгдэж, ихэнх сум төсөв, санхүүгийн хувьд бие даах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.
Эх сурвалж:www.zasag.mn