Танилцуулгад дурдсанаар, нийслэлийн есөн товчоонд “Эрүүл мэндийн хяналтын цэг” ажиллуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот руу орж, гарч буй хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа авчээ. Тус цэгт эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын ажилтнууд 24 цагийн хяналт тавьж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг шийдэж, мэргэжил, арга зүйн зааварчилгаа, сургалтыг тогтмол орж байгаа аж.
Түүнчлэн Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-иуд цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд есөн дүүргийн 8200 км авто зам, 900 мянга гаруй км талбай, нүхэн жорлон болон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах хүрээнд Яармаг дахь эмнэлгийн байгууламжийг ашиглалтад оруулж, өвчтөн хүлээн авах боломжийг хангасан талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ. Цар тахалтай холбоотойгоор нийслэлийн орлого тасарсан хэдий ч иргэд, аж ахуйн нэгжийг дарамтад оруулахгүй байх чиглэлээр арга хэмжээ авна гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан онцолж хэлсэн юм.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид хатгалгаа өвчнөөр нас барах тохиодлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг тодруулав. Мөн цар тахалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, төсвийн орлого тасарч байгаа учраас зарим үзвэр үйлчилгээний газруудыг нээх саналыг гаргаж байлаа.
Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан "Урин дулаан цаг ирж буй учраас хүүхэд багачууд гадуур явж, иргэдийн анхаарал сулрах байдал ажиглагдаж байна. Тиймээс иргэдийг сонор, сэрэмжээ бууруулахгүй байхыг уриалъя. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг дэмжих чиглэлээр шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлийн иргэдээ аюулт өвчнөөс хамгаалахад идэвхтэй оролцоорой" гэсэн юм.
Хуралдаан Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар үргэлжилж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс