Монгол Улсад коронавирус гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 61 боллоо

оруулсан Алсын Хараа

Коронавирусээр халдварласан 19 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Тодруулбал, Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрчээ. Түүнчлэн ОХУ-аас өчигдөр ирсэн 18 оюутан "СОVID 19"-өөр өвчилсөн нь батлагджээ. Ингэснээр Монгол Улсад коронавирус гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 61 боллоо.

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 375 хүнд шинжилгээ хийжээ. Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 132 хүн хяналтад байна. Коронавирусээр халдварласан иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.

Сэтгэгдэл бичих