"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс санал авч байна

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “УРТ ЦАГААН” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн их санал авсан гурван бүтээлийг шалгаруулна. Шилдэг гурван бүтээлийг ажлын хэсгээс дахин санал хураалгаад цорын ганц шилдэг бүтээлээр урт цагааны барилгыг шинэчлэх болно. Урт цагаан үйлчилгээний төвийн ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах, хоёрдугаарт авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох, дөрөвдүгээрт жуулчдын гудамж гэсэн гол санаагаа хадгалан үлдэх ёстой” гэв.

Эдгээр ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны удирдамжийн дагуу энэ сарын 12-17-ний өдрийг дуустал нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим  http://uda.ub.gov.mn/?p=8150  хуудсаар дамжуулан иргэд олон нийтээс саналыг авах юм байна. Олон нийтээс хамгийн их санал авсан цорын ганц бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний барилгыг сэргээн засварлах аж. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих