Турк, Энэтхэг, ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ энэ сарын 13-19-нд татан авах талаар УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар, дэлхийн 46 улсаас 10836 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Тэдгээрийн бүсчлэл болон УОК-оос тавьсан шалгуур үзүүлэлтээр нь ангилан татан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулж буйг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллийн эхэнд тодотгов.
Маргааш буюу энэ сарын 13-нд Турк улсад байгаа 170 орчим иргэнээ татан авах тусгай нислэг хөөрнө. Харин энэ сарын 18-нд БНЭУ-д байгаа 190 орчим иргэнээ татан авах МИАТ-ийн тусгай нислэг хөөргөх төлөвлөгөөтэй байна. Мөн ОХУ-аас нутаг буцах хүсэлтээ өгсөн иргэдийг Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг дуулгалаа. Ингэхдээ, Эрхүү хотын Консулын газарт бүртгүүлсэн 200 орчим иргэнийг энэ сарын 14-нд, Улаан-Үдийн Консулын газарт бүртгүүлсэн 202 иргэнийг энэ сарын 15-нд татан авах юм байна. Цаашид тус улсын бусад нутагт байгаа иргэдээ татан авах төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулна хэмээлээ.
УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд М.П.Сингхтэй уулзаж дипломат шугамаар тус улсад шууд нислэг хийх зөвшөөрөл хүссэн. Удахгүй шууд нислэг үйлдэх зөвшөөрөл гарна гэдгийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тэмдэглэлээ. Тэрбээр, "Эхний ээлжинд олон улсын нислэгтэй Шинэ Дели хотод байгаа иргэдээ татан авна. Ламхай нарын хувьд Шинэ Дели хотоос хоёр мянган километрийн алсад орших монгол хийдэд шавилан суудаг. Тэднийг Шинэ Дели хот руу зөөвөрлөх нь өвний тархалттай бүс нутгаар дамжин өнгөрөх эрсдэлтэй. Тиймээс ойролцоох олон улсын нисэх буудалтай хотыг судалж байгаа бөгөөд нислэгийн зөвшөөрөл гарсны дараа тэдний татан авах төлөвлөгөөг танилцуулна" гэлээ.
Эх орондоо ирж байгаа иргэдийг тусгаарлах байрны төлбөрөө тушаах, тухайн улс орондоо коронавирусний шинжилгээнд орсон байх зэрэг шаардлага тавьж байгааг МХЕГ-аас мэдээллээ. Мөн тусгай нислэгт суух иргэдийг болж өгвөл "N95" стандартын амны хаалт хэрэглэж, эрсдэлээс сэргийлэх, үйлчилж байгаа төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг хүслээ.Улаанбаатар /МОНЦАМЭ/