“Johnson & Johnson” коронавирусний 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ

оруулсан Алсын Хараа

Манай компани ирэх онд коронавирусний 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэхийг зорьж байна гэж Америкийн “Johnson & Johnson” эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн тэргүүн Пол Стоффелс мэдэгджээ.

“Бид ирэх онд 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд ирэх 9 дүгээр сард вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлнэ. Цар тахал вакцины шаардлагагүйгээр дэгдээд өнгөрсөн бол бид баяртай байх байсан. Гэсэн ч ийм зүйл болно гэж бодохгүй байна. Халдварын тархалтын хурдыг тооцоолж үзвэл дэгдэлтийг хянахын тулд вакцин зайлшгүй гарган авах шаардлагатай болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

“Johnson & Johnson” компани АНУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Био анагаах ухааны хэтийн судалгаа, хөгжүүлэлтийн газартай хамтран вакцин гарган авахад зориулж 1 тэрбум гаруй ам.долларыг зарцуулах аж.

Коронавирусний вакцины анхны туршилтыг Вашингтон муж улсын Сиэтл хотод 3 дугаар сарын 16-нд эхлүүлжээ. Загварыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, “Moderna” биотехнологийн компани хамтран боловсруулжээ. Тус вакциныг 12-18 сарын дараа хэрэглээнд нэвтрүүлэх аж. НЬЮ-ЙОРК. /ABC/

Сэтгэгдэл бичих