МЭНДЧИЛГЭЭ

оруулсан Алсын Хараа

Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмрээ оруулж буй Эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэндээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Улс орноо хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, иргэний эрх чөлөөг батлан хамгаалах эдийн засгийн гол тулгуур нь Үндсэн хуулийн дагуу эрхэм таны шударгаар төлж буй татвар билээ. Нийт аж ахуй эрхлэгчдийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод оршдог тул тэр хэрээр улс орондоо оруулж буй хувь нэмэр өгүүлшгүй юм.

Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд нийслэл, дүүргийн төсөвт 2019 онд 838.5 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байна. Монгол Улсын Их хурлаас 2019 онд татварын багц хуулийг шинэчлэн баталж, 2020 оноос мөрдөж эхэлснээр татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалсан, татварын хууль, тогтоомж энгийн ойлгомжтой болсон, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг тусгасны зэрэгцээ татварын хувь хэмжээ буурах нөхцөл бүрдсэн. Ингэснээр нийт татвар төлөгчдийн 97 хувь нь 1 хувийн татвар төлөх нөхцөл бүрджээ. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хүндрэлтэй цаг үеийг даван туулах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний бодлогын хүрээнд 1 удаагийн татварын хууль тогтоомжийг батлан татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлж байгааг та бүхэн мэдэх билээ.

Улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлдэг татвар төлөгч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Монгол Улсынхаа, нийслэл Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж буй хөгжлийн түүчээ болсон нийт ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН

Сэтгэгдэл бичих