Өчигдөр буюу энэ сарын 9-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 397 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүйг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэмдэглэлээ.
Тодруулбал, тандалтын зорилгоор Гуравдугаар төв эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 5 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байруудад тусгаарлагдсан 282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 7, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Үүнд 4 сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээ багтжээ. Түүнчлэн Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 36 ачаа тээврийн жолоочид хийсэн шинжилгээгээр халдвар илрээгүй байна.
Манай улсад "Covid-19" халдварын гаднаас зөөвөрлөгдсөн 42 тохиолдол бүртгэгдэж 14 хүн бүрэн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 991 хүн, үүнээс ХӨСҮТ-д 107 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд тэдгээрт нэг их эмч, 25 резидент эмч тусламж үзүүлж байгаа юм.