Манай улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн нэг хүн эдгэрч өнөөдрөөс дараагийн хяналтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Өчигдөр буюу энэ сарын 8-нд улсын хэмээнд 66 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Үүнээс тандалтын зорилгоор нийслэлийн 9 дүүргийн 18 хүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4, ажиглах байруудад тусгаарлагдсан 22 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад "Covid-19" халдварын 42 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байгаа бол 14 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна.