Улсын хэмжээнд анх удаа цахимаар зохион байгуулсан дадлага сургуулилт өндөрлөлөө

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт өнөөдөр өндөрлөлөө."Ковид-19" халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг гурван үе шаттайгаар  Монгол Улсын хэмжээнд  цахимаар анх удаа зохион байгуулсан юм.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дадлага сургуульд 21 аймаг, нийслэл, сум, дүүрэг, гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн цэргийн байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Нэгдсэн үндэстний байгууллага,  хүмүүнлэгийн багууллага, хуулийн этгээд зэрэг 60 гаруй салбар нэгжийн 20 гаруй мянган ажилтан, албан хаагч цахимаар оролцлоо.

Гурван өдөр үргэлжилсэн дадлага сургуулилтаар Монгол Улсад  цар тахал дэгдсэн үеийн салбар дундын хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний тактик, төлөвлөлт, нөөц бүрдүүлэлт, эрсдэл болон чадамжаа үнэлэх зэрэг олон асуудлыг тодорхой болгон шийдвэрлэснээрээ ач холбогдолтой байлаа хэмээн нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан онцолж хэллээ.

“Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спортын ордныг түшиглэн 300 ортой эмнэлэг,  Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэснээр болзошгүй эрсдэлийн үед буюу цар тахал дэгдсэн тохиолдолд иргэний байгууламжийг ашиглах,  дайчлагдан ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад мэргэжлийн байгууллагын алба хаагчдад цар тахлын үед өөрсдийгөө хэрхэн хамгаалах,  хүмүүст хэрхэн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд суралцах боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой болсон юм. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бүхэлд нь 10 цагийн хөл хорио тогтоож, цар тахлын үеийн зохион байгуулалтын арга хэмжээний дадлага сургуулийг хийв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих