Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзан тус улсаас тусгай нислэгээр иргэдээ татан авах асуудлаар санал солилцсон тухай Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.
Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа иргэдээ нэг удаагийн тусгай нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан юм. Өнөөдрийн байдлаар, БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна.
Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид болж өгвөл хамгийн том суудлын багтаамжтай онгоцоор нислэг үйлдэхийг судалж байна. Бидэнд тулгарч байгаа бэрхшээл нь Энэтхэг улсын өнцөг булан бүрт, олон хотод манай улсын иргэд тархан байршсан байна. Тиймээс аль хэсэгт хамгийн ихээр хүн олноор төвлөрсөн байна, аль хот руу нислэг үйлдэх вэ зэрэг судалгаан дээр манай Улсын Онцгой комиссын Шуурхай Штаб, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам ажиллаж байна. Энэ амралтын өдрүүдээр ирэх долоо хоногт тусгай нислэгийн хугацааг товлон тодорхой болгох үүргийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабт өгсөн. Түүнчлэн нислэгээр ирэх бүх иргэнийг шинжилгээнд хамруулах боломж нөхцөлийг ноён Элчин сайд та анхааралдаа авахыг хүсье” хэмээлээ.
Элчин Сайд М.П.Сингх “COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхэд Монгол Улс үнэхээр сайн ажиллаж байгааг ДЭМБ-ын мэдээллээс хараад баяртай байна. Энэ бол таны удирдлага болон танай хамт олны ач тус юм. Манай улс 41 хоногийн турш нэг тэрбум 300 хүнийг тусгаарласан. Бид Монгол Улс иргэнээ татан авах асуудлыг бүрэн дэмжиж байна” гэлээ.
Ташрамд дурдахад, БНЭУ-аас манай улсад 200 гаруй энэтхэг иргэн ажиллаж амьдарч буйг Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.