МОСКВА. /TASS/. “Ялалтын өдөр” (День Победы) дуу 5 дугаар сарын 9-нд олон хэлээр эгшиглэнэ хэмээн ОХУ-ын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, хилийн чанадад амьдарч буй эх орон нэгтнүүд болон олон улсын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн агентлаг (Россотрудничество) “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Фашизмын эсрэг тэмцэж явсан хүн бүхний мөнхийн гавьяаг бэлгэддэг, Аугаа эх орны дайны ялалтын албан бус сүлд дуу болсон “Ялалтын өдөр” дууг 5 дугаар сарын 9-ний өдөр дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүн бүхэн эх хэлээрээ дуулах боломжтой. Энэ дууг дуулахыг хүссэн хэн бүхэнд "диктантпобеды.рф” цахим хуудас руу нэвтэрч, хэлээ сонгон дуулах боломж нээлттэй” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Түүнчлэн уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүс өөрийн дуулсан бичлэгээ нийгмийн сүлжээндээ байршуулах боломжтой бөгөөд шилдгээр шалгарсан бичлэгийг Оросын телевизүүдээр гаргаж, “Диктантпобеды.рф” цахим хуудаст байршуулах аж.