Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод өчигдөр илэрсэн сэжигтэй тохиолдлыг тусгаарлажээ. Шинжилгээний сорьц ХӨСҮТ-д өнөөдөр үүрээр ирсэн учир вируслогийн лабораторид шинжилж байгааг Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Мөн тэрбээр энэ сарын 4-нд ирсэн ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийн шинжилгээний хариу халдваргүй гарсныг тодотгов.
ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 147 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, ажиглах байруудад 19, Дорноговь аймгийн Замын-Үүдэд 58, Дорнод аймагт 7, Сэлэнгэ аймагт 6, нийт 95 хүний давтан шинжилгээ багтаж байна. Мөн тандалтын зорилгоор хийсэн 21 шинжилгээнээс коронавирус илрээгүй аж. Түүнчлэн Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид хийсэн ачаа тээврийн 31 жолоочийн шинжилгээний хариу нь халдваргүй гарчээ.
Манай улсын хувьд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 41 бүртгэгдэж, 13 нь эдгэрсэн бол 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал тогтвортой, хоёр өвчтөн хүндэвтэр байгаа аж. Улаанбаатар /МОНЦАМЭ/