Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Үндэсний хөтөлбөр батлах тухай
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, 10.5, Монгол хэлний тухай хуулийн 11.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжид хамруулах, хувийн хэвшлийн дэмжлэгээр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн холбогдох байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР III
Нэг. Ерөнхий мэдээлэл
XIII зуунаас эхлэн монголчууд монгол бичгийг төрийн үйл хэрэгт болон шинжлэх ухааны бүтээл туурвилыг бүтээхэд хэрэглэсээр ирсэн, албан ёсны сонгодог төдийгүй дэлхийн бичиг соёлын нандин өв юм. Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь Монгол хүн бүрийн төдийгүй дэлхийн бичиг соёлын өв сангийн өмнө монголчуудын хүлээж байгаа эрхэм үүрэг юм.
1946 оноос хойш төрийн албан хэргийг кирилл бичгээр хөтлөн явуулж байгаа ч төрийн байгууллагын тамга, тэмдгийг монгол бичгээр үйлдэн хэрэглэж, иргэний болон боловсролын бичиг баримтыг кирилл болон монгол бичгээр. зэрэгцүүлэн бичиж байгаа нь монгол бичиг төрийн хэрэгт зохих үүргээ гүйцэтгэсээр байгаагийн нэгэн бодит жишээ болно. Монгол Улсын Засгийн газраас 1995-2005 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1”, 2008-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 11”-ийг тус тус хэрэгжүүлсэн. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I, II” хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн VI-IX ангид монгол бичиг хичээлийг судалж, иргэний болон боловсролын баримт бичгийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн үйлдэх, ном, сурах бичиг зохиох, хөрвүүлэх, түүх, соёлын бүтээлийг нийтийн хүртээл болгох зэрэг үр дүн бий болсон. Гэвч “Бүх нийтэд монгол бичгийг сургах, нийтийн хэрэглээний бичиг болгох, хэрэглэх орчин бий болгох” зэрэг зорилтууд хангалтгүй хэрэгжиж иржээ.
Өнөөгийн монгол бичгийн сургалт, хэрэглээний нөхцөл байдалд хийсэн шинжилгээний дүнгээр цаашид монгол бичгийн сургалтыг дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, насан туршийн боловсролын салбарт эрчимжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, стандарт дүрэм, журмыг шинэчлэн батлах, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, уялдуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 11 дүгээр зүйлд Монгол Улсын Засгийн газрын хүлээх үүргийг тодорхойлохдоо “монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх” гэж, мөн хуулийн 7.2-т “Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж, 24.2-т “Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заасан нь энэхүү хөтөлбөрийг шинэчлэн батлуулах эрх зүйн үндэслэл болж байна.
Иймд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлэхэд боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн салбарын бодлогын зорилтуудыг цогц байдлаар уялдуулж, шинээр авч үзэх нь энэ хөтөлбөрийг боловсруулах нийгмийн хэрэгцээ, нэгэн чухал хүчин зүйл болсон байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа
2.1. 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:
2.2.1. Монгол бичгийн хэрэглээний орчныг бүрэн бүрдүүлэх;
2.2.2. монгол бичигт сургах ажлыг шинэ шатанд гаргаж, үр дүнд хүргэх;
2.2.3. албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид монгол бичигт бүрэн шилжих эрх зүй, технологийн орчин бүрдүүлж, бэлтгэл хангах;
2.2.4. монгол бичгийн сургалт, судалгаа, сурталчилгааны ажлын агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгох.
2.3. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлнэ.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1. Монгол бичгийн хэрэглээний орчныг бүрэн бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.1.1. Монгол бичгийн кодчилол, стандартыг боловсронгуй болгож, олон улсын жишигт хүргэх;
3.1.2. албан хэргийг кирилл, монгол бичгээр хөтлөх стандартыг боловсруулж батлуулах;
3.1.3. монгол бичгийн үндэсний нэгдсэн цахим хуудас (порталсайт) нээж, хэрэглээг тогтмолжуулах;
3.1.4. Нийгмийн сүлжээнд монгол бичгээ хэрэглэх технологийг нэвтрүүлж, контентын төрөл, хэлбэрийг олшруулах;
3.1.5. суралцагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан монгол бичгийн сурах бичиг, толь бичиг, сургалтын бусад хэрэглэгдэхүүнийг шинэлэг арга зүйгээр боловсруулж гаргах;
3.1.6. цахим хичээл, цахим сурах бичиг, толь бичиг, сургалтын хэрэгсэл боловсруулж, нэвтрүүлэх;
3.1.7. цахим орчинд монгол бичгээр бичвэр боловсруулах чиглэлийн мэргэшүүлэх сургалтыг эрчимжүүлэх;
3.1.8. монгол бичгээр уламжлан ирсэн түүх соёлын үнэт дурсгалуудыг хамгаалах, хэвлэн нийтлэх, олшруулах;
3.1.9. утга зохиолын бүтээлийг монгол бичгээр хэвлэхийг дэмжих;
3.1.10. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг 2021 оноос эхлэн хос бичгээр хэвлэж, 2023 оноос зөвхөн монгол бичгээр хэвлэх бэлтгэл хангаж, хэрэгжүүлэх;
3.1.11. Монгол бичгээр дагнан гардаг сонин, сэтгүүл, тогтмол хэвлэлийн тоог нэмэгдүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх;
3.1.12. тогтмол хэвлэл мэдээллийн байгууллага сонин, сэтгүүл, нийтлэл, мэдээллийн агуулгын 30-аас доошгүй хувийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн гаргах, номын нэрийг нуруу хэсэгт монгол бичгээр бичиж хэвшүүлэх;
3.1.13. албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж талбайн нэр хаяг, нэрийн хуудас, бүтээгдэхүүний шошго, танилцуулга, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг монгол бичгээр бичиж хэвшүүлэх;
3.1.14. Монголын үндэсний олон нийтийн телевизийн дэлгэцийн бичвэрийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн бичих ажлыг эхлүүлэх.
3.2. Монгол бичигт сургах ажлыг шинэ шатанд гаргаж, үр дүнд хүргэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.1. Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нарын бүсийн зөвлөгөөнийг 2 жилд тутам, улсын зөвлөгөөнийг 4 жил тутам зохион байгуулах;
3.2.2. бүх нийтийн монгол хэл, бичгийн хэрэглээ, хандлага, үнэлэмжийн судалгаанд үндэслэн цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, арга замыг тодорхойлох;
3.2.3. Боловсролын хүрээлэнгийн бүтцэд монгол бичгийн сургалт, судалгаа, арга зүйн нэгж ажиллуулах;
3.2.4. ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн монгол хэл, Монголын түүх, уран зохиол, иргэний боловсрол, ёс суртахууны хичээлийн сурах бичгийг нэн түрүүнд, бусад хичээлийн сурах бичиг, нэмэлт хэрэглэгдэхүүнийг үе шаттайгаар монгол бичигт хөрвүүлэн хэвлэх;
3.2.5. монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийг нягт уялдуулан заах арга зүйн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх;
3.2.6. хилийн чанадад амьдарч байгаа монгол иргэд, хүүхэд, залууст монгол бичгийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх эрх зүйн болон материаллаг орчин бүрдүүлэх;
3.2.7. Монгол Улсад сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн сургуульд монгол хэл, бичгийн хичээлийг заавал судлах эрх зүйн зохицуулалтыг бүрэн хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
3.2.8. багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн мэргэжлийн ангид монгол бичиг заах аргын хичээлийг тусгайлан оруулах;
3.2.9. ерөнхий боловсролын сургууль төгсөгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх, шалгалтын тестийн монгол бичгийн агуулгыг 30-аас доошгүй хувьд хүргэх, шалгалтын босго оноог 400-аас эхлүүлж цаашид тодорхой хугацаанд үе шаттай нэмэгдүүлэх;
3.2.10. 2020-2021 оны хичээлийн жилээс их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд монгол бичгийн хичээлийг заавал судлах;
3.2.11. их, дээд сургуульд суралцагчдаас монгол бичгийн чадварын шалгалт заавал авч, дүнг бакалаврын дипломд баталгаажуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
3.2.12, монгол бичиг заах арга зүй, технологийг шинэчлэн боловсруулах;
3.2.13. монгол бичгийн улсын олимпиадыг жил бүр зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, 2021 оноос эхлэн хэрэгжүүлэх;
3.2.14. монгол бичгийн албан бус сургалт явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг хөхиүлэн дэмжих;
3.2.15. байгууллага, хамт олноороо монгол бичигтэн болох аян, хөдөлгөөн өрнүүлэх.
3.3. Албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид монгол бичигт бүрэн шилжих эрх зүй, технологийн орчин бүрдүүлж, бэлтгэл хангах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.3.1. Төрийн албаны зөвлөл, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварын түвшин тогтоох , шалгалтын агуулгыг тогтоож, баталгаажуулах;
3.3.2. төрийн албан хаагчийн анкет (маягт-1)-д монгол бичгээр унших бичих чадварыг тэмдэглэх хэсгийг нэмэх;
3.3.3. Төрийн албанд анх орох иргэдийн монгол хэл, бичгийн шалгалтын 20-аас доошгүй хувь нь монгол бичгийн агуулгаас бүрдсэн байх;
3.3.4. төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагад монгол бичгийн мэдлэг чадварыг нэмж тусгах;
3.3.5. төрийн байгууллагууд байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагчдын сургалтын хөтөлбөрт ажилтны монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг жил бүр төлөвлөх, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж тайлагнах;
3.3.6. төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр монгол хэл, бичгийн хянан найруулах чиг үүргийг холбогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгах;
3.3.7.төрийн байгууллагууд албан бичиг хэргээ 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхлэх;
3.3.8. хөтөлбөрийн холбогдох арга хэмжээг бүх шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулан хэрэгжүүлж, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд санаачилга, үр дүнтэй ажилласан төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага, ажилтан, иргэдийг урамшуулах.
3.4. Монгол бичгийн сургалт, судалгаа, сурталчилгааны ажлын агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.4.1. монгол бичиг, сурвалж судлалыг монгол судлалын бие даасан чиглэл болгож, онол, арга зүйн шинэ түвшинд хүргэх;
3.4.2. монгол бичгийн сургалт, арга зүй, судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулах;
3.4.3. монгол хэл, бичгийн дурсгал, соёлын өвийг хамгаалах, сургалтад хэрэглэх, судлан түгээх төслүүдийг Шинжлэх ухаан, технологийн сан болон бусад эх үүсвэрээс жил бүр санхүүжүүлэх;
3.4.4. монгол бичгийн өв, үндэсний соёл сэтгэлгээг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх үндэсний сан байгуулах;
3.4.5. монгол бичгийн контентыг төрийн бодлогоор дэмжиж, нэр төрлийг олшруулах;
3.4.6. монгол бичиг сурч судлах, түгээн дэлгэрүүлэхэд иргэд, олон нийтийн идэвхийг өрнүүлэх, үндэсний аяныг зохион байгуулах;
3.4.7. насан туршийн боловсролын төвд албан бус сургалтаар иргэдэд монгол бичиг сургахыг дэмжих;
3.4.8. үндэсний хэмжээнд монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх үйл ажиллагааг дэмжих;
3.4.9. гадаадад монгол бичгийг сурталчлах, монгол уран бичлэг, монгол бичгээрх өв соёлын үзэсгэлэн зохион байгуулах, монгол иргэд, хүүхэд залууст монгол бичиг сургах үйл ажиллагааг Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Монгол судлалын төвүүд дэмжин ажиллах.
Дөрөв. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт
4.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
5.1.2. гадаадын зээл, тусламж,
5.1.3. олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
5.1.4. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
5.1.5. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
5.2. Төрийн байгууллагууд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусгаж хэрэгжүүлэх бөгөөд түүний хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
5.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн холбогдох үйл ажиллагааг төсвийн ерөнхийлөн захирагчаас аймаг, Нийслэлийн Засаг даргатай байгуулах гэрээнд тусгаж, түүний хэрэгжилтэд хяналт : тавьж ажиллана.
Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ
6.1. Боловсролын асуудал эрхэлсэн бовсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Засгийн газарт танилцуулна.
6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, хөтөлбөрийн үр дүнг Засгийн газрын баталсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмын дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.
6.3. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хөтөлбөрийн хэрэгжилтийг энэ журмын 6.2-т заасан журмын дагуу холбогдох дээд шатны байгууллагад тайлагнана.
6.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний болон хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.