Коронавирусын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулилалтын үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.
Энэхүү дадлага сургуулилтын хүрээнд тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж, хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн юм.
Арга хэмжээг нээн УОК-ын дарга,Шадар сайд Ө.Энхтүвшин “Хариу арга хэмжээний дадлага сургуулилт тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд гурван үе шаттайгаар Чингэлтэй,Хан-Уул дүүргүүдэд мөн Дархан-Уул,Сэлэнгэ аймгуудад хэрэгжинэ.
Хээрийн ор дэлгэн бэлэн байдлыг шалгана. Өдгөө нийт 3.7 сая хүн өвчлөөд буй коронавирусын цар тахлын оргил үе 5-6 саруудад тохиож болзошгүйг ДЭМБ-аас анхааруулж,бэлэн байдлаа хангахыг зөвлөж байна.
УОК халдварын чиглэлээр 21 удаа хуралдаж,шуурхай шийдвэр гаргаж,гадаад,дотоод нөхцөл байдлын талаар ҮАБЗ,УИХ,түүний байнгын хороод,Засгийн газарт асуудлыг тавьж арга хэмжээ авахуулж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан шийдвэр,заавар,удирдамж хангалттай байгаа.
Харин эдгээр баримт бичиг хэр амьдралтай болсныг энэ сургуулилтаар шалгана. Коронавирусын цар тахлын эсрэг дадлага сургуулилт эхэлснийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээлээ.