УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн байдлаар 10 076 хүн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "4 дүгээр сарын 30-нд болон 5 сарын 1-нд Сөүл-Улаанбаатар, 5 сарын 3-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн 3 удаагийн тусгай нислэгээр 28 улсаас 800 гаруй иргэнээ татан авлаа. Дээрх нислэгт УОК-оос тавьж буй хүндэтгэн үзэх 5 шалтгаантай иргэдээс гадна оюутан, залуусыг хамруулсан. Үүний хоёр нислэгээр өөр улсаас дамжин ирж буй иргэдээ татан авсан бөгөөд ихэнх улс орон хилээ хаасан учир энэ ажлыг зохион байгуулахад хүндрэлтэй байлаа. Дээрх гурван нислэгээр манай улсад байсан 24 улсын 132 гадаадын иргэн эх орондоо буцсан.
Бид УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Үүний дараа манай 47 мянган иргэн байгаа БНСУ руу дахин нислэг үйлдэх асуудал яригдах байх. Мөн Зүүн өмнөд Азид байгаа 300 орчим иргэн, хил залгаа ОХУ-аас 2000 орчим иргэнээ татан авах нарийвчилсан арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна" гэлээ.Улаанбаатар /МОНЦАМЭ/