УИХ-ын МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийг УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө хэлэлцэн батлах нь зөв хэмээн үзжээ. Энэ тухай тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар хэвлэлийн бага хурал хийхдээ мэдээллээ.
Ноднин 11 дүгээр сард баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Монгол Улсын төрийн бодлого тогтвортой байна” хэмээн заасан. Энэ дагуу 500 гаруй хөгжлийн бодлогыг нэгтгэж, урт хугацаанд хэрэгжүүлэх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Энэ бол Монгол төрийн хар хайрцагны эрхэм бодлого гэдгийг С.Бямбацогт гишүүн хэллээ.
Бодлогын баримт бичгийг байнгын хороод болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт УИХ-ын дэд дарга нар, бүх байнгын хороодын дарга нар, УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн дарга нар орсон байна. “Алсын хараа-2050”-ийг энд дарж
үзнэ үү.
Мөн үеэр МАН УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигчдээ хэзээ тодруулахыг сэтгүүлчид асуухад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 10-16-нд нэр дэвшигчид тодрох ёстой. МАН-ын бага хурал энэ сарын 15-нд болох болов уу гэж бодож байна. “COVID-19”-ийн үед сонгуулийн сурталчилгааг хэрхэн зохион байгуулахаас эхлээд олон асуудал үүсэх магадлалтай. СЕХ-ноос тодорхой санал боловсруулснаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Засгийн газарт танилцуулсан. Цар тахлын үед сонгууль зохион байгуулахад өмнө баталсан 20 тэрбум дээр нэмж 4 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн тусгасан байна. Үүнийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах боломжтой” гэлээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/