Төрсөн эцгийнхээ амийг бүрэлгэж, цогцсыг нь ууланд нуужээ

оруулсан Алсын Хараа

Төрсөн эцгийнхээ амийг бүрэлгэж, цогцсыг нь ууланд хаясан хэрэг Хөвсгөл аймагт гарчээ.

Тодруулбал, Ренчинлхүмбэ сумын харьяат, 39 настай эрэгтэй Н-ийг ар гэрийнхэн нь сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад бүртгүүлжээ. Талийгаач 10 гаруй хоногийн өмнө гэрээсээ гараад сураггүй болж. Түүнийг хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү болох 19 настай М гэрийнхээ ойролцоо явж байхад нь харсан гэж мэдүүлжээ.

Гэтэл энэ сарын 1-ний өдөр Зөөлөн гэх уулнаас хүний цогцос олдсон нь сураггүй болсон Н-ийх байж. Цогцост хийсэн шинжилгээгээр гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байна.

Мөрдлөгийн явцад талийгаачийн төрсөн хүү толгойд нь сүхээр цохиж, амь насыг нь хохироосон нь баримтаар нотлогджээ. Сэжигтэн этгээд эцгийнхээ амь насыг хохироож, хэргээ нуухаар цогцсыг орны бүтээлэгт ороон, хэрэг үйлдсэн сүхний хамт уулын модонд нуусан байжээ.

Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба сэжигтэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хориод байна.

эх сурвалж:www.updown.mn

Сэтгэгдэл бичих