Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг зөрчин ажиллаж байгаа тухай иргэдээс Улсын онцгой комиссын Шуурхай штабт гомдол тасралтгүй ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэхүү асуудалтай холбоотойгоор гаргасан шийдвэрээ эргэн харж, цагийн хязгаарлалтыг хуучнаар нь буюу 07.00-22.00 цаг хүртэл гэж өөрчлөх саналыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргүүлээд байсан юм.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хотын дарга С.Амарсайхан "ААН-үүдээ дэмжих бодлогын хүрээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудыг нээсэн. Гэсэн ч амралтын өдрүүдээр үүссэн нөхцөл байдлаас харахад ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй юм байна.
Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн хэлсэн байна.