Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирсэн иргэдээс авсан шинжилгээний хариу гарч, нэг хүнээс коронавирус илэрчээ. Энэ нь Монгол Улсад коронавирусээр халдварласан 40 дэх тохиолдол болж буйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тус нислэгээр 274 иргэн ирсэн юм. ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр 332 хүнд шинжилгээ хийжээ. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолооч, ажиглах байранд тусгаарлагдсан 38 хүний давтан шинжилгээ, Завхан аймгаас ирүүлсэн 3 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
ХӨСҮТ-д одоогоор 101 хүн байгаагаас коронавирусээр халдварласан 28 хүн эмчлүүлж байна. Өнөөдөр 40 гаруй хоног эмчлүүлсэн хоёр хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжжээ. Ингэснээр манай улсад СОVID 19-өөр өвдсөн нийт тохиолдлын 12 нь эдгэрээд байна.