Говь-Алтай аймгийн Нийтийн номын сан Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн хошой шагналт, эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит танхимтай болно.
Уг танхимыг түүний зээ охин Л.Энхнасан санаачлан хүүхэд багачуудын ая тухыг хангасан, тэдний чөлөөтэй сэтгэн бодох, унших чадварыг хөгжүүлсэн номоор баялаг, гэгээлэг танхим болгохыг зорьж тохижилтын ажлыг хийж байна.
Зээ охин Л.Энхнасан: “Охин нь орчин үеийн, оюунлаг, гэгээлэг уншлагын танхим тохижуулан хайртай уншигчдад тань хүлээлгэн өгнө" гэж өөртөө амлан зогссон энэ мөчийг ажил хэрэг болгох гээд гүйж л явна. Мэдээж, энэ өргөөний хойморт зууны манлай роман "Тунгалаг тамир" залагдах болно” гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ: “Хамгийн гол нь залуус хүүхдүүд унших номтой, уулзаж ярилцах халуун дулаан, оюунлаг орчинтой, шинэлэг уншлагын танхимтай болно. Би, бид үүнийг хийх болно. Учир нь би Ч.Лодойдамбын зээ охин шүү дээ. Зууны туурвин бүтээгч өвөөгийнхөө 100 насны ойн өдрөөс эхлэн бодож төлөвлөсөн, гурван жил сэтгэлдээ тээсэн зорилгоо биелүүлэх боломж олгосон Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн хамт олонд талархаж байна. Өвөөгийнхөө эхлүүлсэн оюуны суваргыг өөрийн чадлаар өргөж явах чин хүсэл надад байдаг юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Түүнчлэн уг танхимд зохиолч, туурвин бүтээгч Ч.Лодойдамбын "Алтайд" роман, "Манай сургуулийнхан", "Шаргачин" гээд олон сайхан бүтээл дэлгэгдэхээс гадна Алтай нутгийн оюуны суутнуудын зохиол бүтээлүүд, Монголын болон дэлхийн утга зохиол, танин мэдэхүйн шинэхэн ном, товхимлуудаас сан хөмрөгийг бүрдүүлэх ажээ.
Говь-Алтай /МОНЦАМЭ/