ХӨСҮТ-д 47 хоног эмчлүүлэн бүрэн эдгэрсэн Франц иргэн өнөөдөр /2020.05.02/ Улаанбаатар-Франкфуртын тусгай нислэгээр нутаг буцжээ.
Түүнийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү үдэн гаргасан бөгөөд Франц улсын иргэн Монгол Улсын Засгийн газар, ард түмэн ХӨСҮТ-ийн хамт олон болон биечлэн эмчилсэн Ц.Чинбаяр тэргүүтэй багт талархал илэрхийлжээ.
Францын иргэн, “Надаас вирус илэрсэн дариуд нутаг буцсан бол намайг Францад ямар хувь заяа хүлээж байсныг би мэдэхгүй. Монгол орон намайг аварлаа. Та бүхний ачаар эрүүл саруул боллоо” хэмээснийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр дурдав.
Дашрамд дурдахад, манай улсад коронавируст халдварын анхны тохиолдол болж бүртгэгдсэн дээрх иргэн энэ оны гуравдугаар сарын 7-нд халуурч эхэлсэн бөгөөд шинжилгээний нь хариу эерэг гарсан тухай УОК-оос гуравдугаар сарын 10-нд мэдээлж байв. Улмаар ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж, өнгөрсөн сарын 27-нд эмнэлгээс гарсан юм.