Хар тамхитай холбоотой олны танилууд болон улстөрийн хүрээнийхний гэмт хэргийн талаарх мэдээлэл тасрахаа байж, хэргүүд нь гадны хийгээд дотоодын хуулийн байгууллагуудад шалгагдаж байгаа. Тэдгээрийн нэг нь жүжигчин Т.Билэгжаргалтай холбоотой. Түүнийг шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байжээ. Тиймээс шүүхээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн сэтгэц эмгэг судлалын магадлагааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулсан.
Тэр сайн жүжигчин, сайн хань гэж хэлэгдэж байсан нь саяхан. Гэтэл гэнэтхэн төрүүлсэн ээжийгээ зодож буй бичлэг нийтэд цацагдаж, Т.Билэгжаргал шиг муу үн, түүний ээж шиг өрөвдөлтэй хүн үгүй болсон. Үнэн. Төрүүлж, өсгөсөн эхийгээ зодож байгаа хүний сэтгэц яав ч эрүүл бус байх нь гарцаагүй. Мөн л хар тамхи хэрэглэсэн үедээ гэх хачин тайлбар зүүлттэй үлдсэн.
Харин одоо шинжээчийн дүгнэлтээр сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй хэмээн дахин гарвал яах вэ. Бурууг хэнд тохох вэ. Ээж нь бол хэзээд ГОМДОЛГҮЙ байх нь гарцаагүй. Тэгвэл хар тамхи буруутан уу. Хэрэглэсэн Т.Билэгжаргал уу.
Т.Билэгжаргал өмнө нь сэтгэцийн эмнэлэгт олон удаа эмчлүүлж байсан нэгэн. Эхнэр нь асан дуучин бүсгүй, ээжтэй хамт Т.Билэгжаргалыг хар тамхинаас гаргахын тулд олон удаа хэвтүүлж, аргаа барсан гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг. Гэсэн ч тэр засарсангүй.
Ирээдүйтэй сайн жүжигчнийг бүхэлд нь “харлуулж” чадсан эд бол ердөө л хар тамхи байлаа. Тэгэхээр түүнд ял үүрүүлэхээс гадна цаад жинхэнэ эздийг нь хэзээ “ОЛОХ” вэ. Тэднийг олохгүй бол дараа, дараагийн онц ноцтой хэргүүдийн “эзэд” ч сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэх дүгнэлттэйгээр шүүхээс мултраад байвал яах вэ. Хэдийн хэрэглэгч орны тоонд орсон манай улсын хувьд хар тамхины хэрэглээд маш хурдтайгаар зогсоох боломж нь хилээр оруулахгүй, борлуулагчдийг нь барих л гол асуудал байлтай.
Одоо хуулийн байгууллагад "Бодлын хулгайч", "37-р точка" кинонд тоглосон дуучин, жүжигчин Б.Батмэндийн шүүх хурлын тов гараагүй, хэргийг хянаж байгаа. Тэр мөн л мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр сэжиглэгдэн болоод "сууж" буй.
Дээрх нөхдөөс ч өмнө олны танилуудын хар тамхитай холбоотой хэргүүд цуварч байсан. Харь нутагт дипломат албаныхан нь борлуулалт, түгээлт хийгээд эх орондоо байгаа нь хэрэглэгч болж, хадгалаад л... Хар тамхины жинхэнэ эздийг олчихвол ч...
Эх сурвалж: Erennews.mn