"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны дансаа нээлгэж, арилжааны банкны дансаа мэдүүлсэн буюу бүртгэлээ бүрэн баталгаажуулсан 600 мянган иргэний ногдол ашиг маргааш буюу 5 дугаар сарын 1-нээс иргэдийн дансанд орж эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар 1 сая 600 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн ч 1 сая орчим иргэний ногдол ашгаа хүлээн авах арилжааны банкны данс тодорхойгүй эсвэл алдаатай байна.
Иргэд ногдол ашгаа авахын тулд аль нэг үнэт цаасны компанид хандаж хувьцааны дансаа нээлгэн, өөрийн ашигладаг арилжааны банкны дансаа мэдүүлэх шаардлагатай. Өөрийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг, хувьцааны данс нээлгэсэн эсэхээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас эсвэл 158989 дугаарт регистерийн дугаараа латин үсгээр бичиж илгээн шалгах боломжтой юм.
Хувьцааны дансаа нээлгээгүй байсан ч тухайн иргэний ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж байх бөгөөд иргэд хүссэн үедээ дансаа нээлгэж мөнгөө авах боломжтой.
Зарим иргэдийн ногдол ашгийг И-баримт аппликейшн болон хүүхдийн мөнгө олгодог дансаар олгохоор холбогдох зохицуулалтыг хийж байгаа ч эцсийн шийд гараагүй байгааг "Эрдэнэс Тавантолгой" компаниас мэдээлэв.
2012 оны 4-р сарын 1-ээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүр тус компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд компани 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тооцож олгохоор болсон юм.
Улаанбаатар /МОНЦАМЭ/