ҮХЦ-ийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэв.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй, мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус заажээ.” Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу иргэд сонгогдох эрхтэй, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ” гээд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн” гэж заасан нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгээс өөрөөр сонгуульд оролцох эрхийг тодорхойлсон байна.

 

Ийм байтал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгээр Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар олгогдсон “сонгогдох” эрхээ мөн зүйлийн 10 дахь заалтаар олгогдсон эрхээрээ баталгаажуулан, улс төрийн нам байгуулах эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын гишүүдийг сонгох сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхээ хязгаарлуулж байгаа нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчин, Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхийг хязгаарлах замаар иргэдийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан “сонгогдох” эрхийг зөрчиж байна" гэжээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо эл дүгнэлтийг хэлэлцсэн ч хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "ҮХЦ-ийн дүгнэлт гарснаар хуулийн үйлчлэл түдгэлзэнэ. СЕХ-нд нам эвслүүд сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Өнөөдөр цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэж буцаавал хууль үйлчлэх эсэхийг тодрууллаа. Мөн энэ нь сонгуулийн процесст нөлөөлөх болох эсэх хууль зүйн үр дагаврыг асуув.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар, "Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай гэсэн байна. Одоогоор Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд түдгэлзсэн. Байнгын хорооны саналын дагуу хүлээн авах эсэхийг шийднэ. Хүлээн авбал түдгэлзэхгүй. Харин  ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар тогтоол гаргавал хуулийн үйлчлэл зогсоно" хэмээв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, тус дүгнэлт нь нам, эвслийг бүртгэх хугацаатай холбоотой асуудал тул сонгуулийн ажиллагаанд ямар нэгэн нөлөө гарахгүйг тайлбарлав.

Ингээд ҮХЦ-ийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан Байнгын хороодын санал, дүгнэлтээр санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны дүгнэлтийг дэмжиж, ҮХЦ-ийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзлаа.

Сэтгэгдэл бичих