Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн эмчлүүлж байна. Тусгай нислэгээр эх орондоо өнөөдөр ирэх зорчигчдод 150 ор бэлдэж, онцгой анхаарал хандуулна хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Монгол Улсын хэмжээнд өчигдөр коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр 163 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, Дорноговь аймагт 31, Замын-Үүдэд нэг, тандалтын зорилгоор Өвөрхангай аймаг болон Багануур дүүргээс цуглуулсан 46 сорьц, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээ багтжээ.
ОХУ-аас ирсэн оюутнууд 20 гаруй хонож байгаа бөгөөд тэдний заримд нь 3-4 удаагийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй аж.Улаанбаатар /МОНЦАМЭ/