МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор ажлын бус өдрүүдийг тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгалаа. Тэрбээр бүс нутгуудад коронавирусний тархалтыг зогсоох асуудлаарх хуралд оролцож үг хэлжээ.
- ОХУ-ын төрийн тэргүүн тавдугаар сарын 6, 7, 8-ны өдрийг ажлын бус өдөр болгосныг мэдэгдлээ. Энэ хугацаанд урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд сахих шаардлагатайг тэрбээр цохон тэмдэглэв.
- В.Путин тавдугаар сарын 12-ны өдрөөс хязгаарлалтын дэглэмээс гарах шалгуурууд үзүүлэлтүүд гаргахыг Засгийн газартаа үүрэг болгов. Үүнийг "халдварын тархалтын одоогийн нөхцөл байдлыг болон цаашдын байдлыг харгалзан хийх хэрэгтэй" гэдгийг тэрбээр тэмдэглэсэн байна.
- Оросын Ерөнхийлөгч мөн бизнес эрхлэгчдийг болон иргэдийг дэмжих шинэ багц арга хэмжээг ойрын үед боловсруулахыг сайд нартаа үүрэг болголоо. Ийм арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг сайд, захирагч нар биечлэн хариуцах ёстой гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
- В.Путин мөн “бизнесийн амьдралыг хэвийн болгох, ажил эрхлэлт, орлого, эдийн засгийн өсөлтийг сэргээх үндэсний хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөө” -г бүс нутгуудын эрх баригчид болон бизнес эрхлэгчидтэй хамтран бэлтгэж эхлэхийг Засгийн газраасаа хүсэв.
- Үүнээс гадна, ОХУ-ын янз бүрийн бүс нутагт хязгаарлалтын арга хэмжээ авах шийдвэрийг "сэтгэл хөдлөлөөр эсвэл, хуулбарлан дуурайх маягаар" гаргах ёсгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.
- Тэрбээр мөн Эрүүл мэндийн яамандаа улс орны болон ОХУ-ын субъект бүрийн нөхцөл байдлыг тасралтгүй хянаж, нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгааг харгалзан төлөвлөгөөгөө байнга шинэчлэн боловсруулахыг даалгав.
- Оросын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Түргэн тусламжийн ажилтнуудын өдөр болгохыг санал болголоо.
- Тэрбээр коронавирустэй тэмцэхдээ нэг алхмын урд явж ажиллахыг уриалсан байна. ОХУ-д коронавирусний халдварын тархалтыг сааруулж чадсан гэдгийг В.Путин онцлон тэмдэглэв.
- Үүний зэрэгцээ, тэрбээр байдал маш хүнд хэвээр байгааг онцлон дурдсан байна. “Өдөрт илэрч байгаа халдварын шинэ тохиолдол харьцангуй тогтворжсон боловч бид тайвширч болохгүй, нөхцөл байдал хүнд хэвээр байна. Эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хэлснээр оргил үе өнгөрөөгүй байна” гэж Оросын Ерөнхийлөгч хэлжээ. В.Путиний хэлснээр, ОХУ-д коронавирусээр халдварлах эрсдэл маш өндөр байна.