Коронавирусний халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг 119 шуурхай утсанд сүүлийн 24 цагийн дотор 200 дуудлага иржээ. Үүнд АНУ-аас 2, Шведээс 2, ОХУ-аас хоёр, БНСУ-аас нэг, Швейцариас нэг, Францаас нэг хүн коронавирусний халдварын шинж тэмдгийн талаар зөвлөгөө авчээ.
Сүүлийн 14 хоногт гадаадад таван монгол иргэн “COVID-19”-өөр халдварласан тул зөвлөгөө өгсөн гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ээлжит мэдээллийн үеэр хэллээ. Тэрбээр, “Энэ хүмүүст хийсэн коронавирус илрүүлэх эхний шинжилгээний хариу нь эерэг гарсан. Мөн тэдэнд клиникийн шинж тэмдэг, зовуурь харьцангуй бага байгаа учир бүгд гэрийн тусгаарлалтад байгаа гэсэн мэдээлэл байна. Тэд АНУ, Швед, ОХУ, БНСУ-д амьдардаг иргэд” хэмээсэн юм.
Ханиаж найтаах үед шүлс хоёр метр зайнд цацагддаг тул амны хаалт тогтмол зүүх, хүнтэй зайнаас харьцаж өөрийгөө халдвараас хамгаалахыг ЭМЯ-наас зөвлөлөө.Улаанбаатар /МОНЦАМЭ/