Тусгаарлалтын хугацаа нь дууссан 80 иргэнийг ХӨСҮТ-ээс гаргаж байна. Мөн ажиглах байранд байсан 154 хүнийг дараагийн ажиглалтад шилжүүлжээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах байр, бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар өнөөдрийн хурлын үеэр мэдээлсэн юм. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг маргааш 14:20 цагт Инчон нисэх буудлаас хөөрөх хуваарьтай байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд өчигдөр коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 256, Дархан-Уул аймгийн лабораторид 59, нийт 315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд ХӨСҮТ-д 112, Цэргийн төв эмнэлэгт 2, ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6, Сос медика монголиа эмнэлэгт 1, тандалтын зорилгоор цуглуулсан 110 хүний шинжилгээ багтжээ.Улаанбаатар /МОНЦАМЭ/