ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд өчигдөр коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
ХӨСҮТ-ийн хоёр төв лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 59 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4, ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ багтжээ. Эдгээр иргэн “Монголика центавр” зочид буудалд тусгаарлагдаж байгаа аж. Мөн Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 иргэний давтан шинжилгээ хийжээ. Түүнчлэн тандалтын зорилгоор Баянгол, Хан-Уул дүүргийн эмнэлгүүдээс цуглуулсан 12 хүний сорьцод коронавирус илрээгүй аж.
Монгол Улсын хэмжээнд 10 мянган хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд тусгаарлах байруудад 750 хүн ажиглалтад байгаа бөгөөд 114 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 856 хүн байна.Улаанбаатар /МОНЦАМЭ/