Засгийн газар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны Даваа гаригт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Товчоор
- Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөрзамын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсч ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна. Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
- Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидлын төслийг дэмжив. Захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрхиййг Сангйин сайдад олгов. Тус хэлэлцээр нь Солонгос Улсаас Монгол Улсад 700 сая ам.доллартай тэнцэх солонгос вонны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр авч хэрэгжүүлж байгаа юм. Нийт 15 төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн бөгөөд хэлэлцээрийн хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ээр дууссаныг 2020 он дуустал сунгахаар болж байна.
- Коронавируст халдвар/COVID-19/-ын цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр авах арга хэмжээний хоёр дахь шатны хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд хөтөлбөрийн төслийг танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.